- Сайн байна уу. Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн 3 дугаар хурал болж байна. Та энэ хурлын зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү?
Монголбанк нь Үндэсний төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй байдаг. Үүний хүрээнд бид 2008 онд анх Төлбөр тооцооны үндэсний зөвлөлийг байгуулан ажиллаж байгаад 2018 оноос энэхүү зөвлөлийн дүрмийг шинэчлэн, Үндэсний төлбөрийн системийн зөвлөл /ҮТСЗ/ нэртэйгээр шинэчлэн үүсгэн байгуулж, ерөнхий удирдлагаар ханган ажиллаж байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг зохицуулагч байгууллагуудаас гадна төлбөрийн системийн нийт оролцогчдын төлөөлөл байдгаараа онцлог юм. Ингэснээр бид төлбөрийн системд үүсч буй аливаа асуудлыг зөвхөн зохицуулагч байгууллагын зүгээс биш бусад оролцогч байгууллагуудын өнцгөөс мөн харж, тэнцвэртэй, олон талыг харсан шийдэлд хүрэх боломжтой байдаг гэж хэлж болно.
Зөвлөлийн хурлыг нийт гишүүдийг хамруулан жил бүр зохион байгуулж, тухайн жилд гарсан аливаа асуудал, шинээр хийгдсэн ажлууд, ирээдүйн чиг хандлага гээд тулгамдаж буй олон асуудлыг авч хэлэлцэн, шаардлагатай тохиолдолд тодорхой санал шийдэл, шийдвэр гарган ажилладаг юм. Хэдийгээр Ковид-19 цар тахлаас шалтгаалан энэхүү хурал 2 жил зохион байгуулагдаагүй ч энэ жил ҮТСЗ-ийн хурлаа амжилттай зохион байгуулж, нийт гишүүдтэйгээ уулзах боломж олдсонд маш их баяртай байна.
- Энэ жилийн хурлаар ямар асуудлуудыг голлон хэлэлцэв?
Энэ жилийн хувьд бидний хамгийн гол сэдэв Үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө байлаа. Монголбанк төлбөрийн системийг хөгжүүлэх стратегийн баримт бичгийг 2008 оноос хойш Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамтай хамтран 5 жил тутам гаргаж, төлбөрийн системийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлон ажиллаж байна. Тус баримт бичигт бид зөвхөн төлбөрийн систем бус, үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн системтэй холбоотой томоохон ажлуудыг тусган ажилладаг тул Монгол Улсын Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг бүхэлд нь хамруулсан стратеги гэж мөн ойлгож болох юм.
Өмнөх стратегийн баримт бичгүүдийн дагуу хийгдсэн, амжилттай болсон гол ажлуудыг дурдвал төлбөрийн системийн суурь дэд бүтэц бүхэлдээ шинэчлэгдсэн, Үндэсний төлбөрийн системийн тухай хуультай болж, хууль эрх зүйн орчныг бэхжүүлсэн, төлбөрийн системийн хяналт, зохицуулалтын ил тод байдлыг сайжруулж, олон улсын сайн туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн зэргийг дурдаж болох юм.
Харин энэ жилийн зөвлөлийн хурлаар танилцуулсан 2022-2026 оны стратегийн гол онцлог бол улам бүр цахимжиж буй төлбөрийн экосистемд гарч ирж буй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, финтек компаниудын эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй томоохон асуудал болох кибер аюулгүй байдал, төлбөрийн систем дэх стандартчилал зэрэг чиглэлээр хийгдэх ажлуудыг тусгаж өгөөд байна. Бидний харж буй гол алсын хараа бол 2026 он гэхэд Монгол Улс тасралтгүй, найдвартай, аюулгүй төлбөрийн системийн дэд бүтэц болон эрсдэлийг бууруулж, өрсөлдөөн, инновац, үйлчилгээний хүртээмжийг нэн тэргүүнд тавьсан оролцогч байгууллагуудын дэмжлэгтэйгээр цахим төлбөр тооцоо давамгайлсан улс болох явдал юм.
- Стратегид тусгагдсан ажлуудыг хийснээр бэлэн мөнгө, цаасан баримтны хэрэглээ багасч, бидний төлбөр тооцоо улам цахимжих юм байна гэж ойлголоо. Та сая өмнөх стратегийн гол ололтын нэг нь төлбөрийн системийн суурь дэд бүтэц бүхэлдээ шинэчлэгдсэн гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?
Тэгэлгүй яахав. Зөвлөлийн хурлаар танилцуулсан нэг асуудал мөн үүнтэй холбоотой байсан юм. Бид Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг 2016 оноос хойш амжилттай хэрэгжүүлж, энэ онд төслөө дуусгахаар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор төслийн тайланг нийт гишүүддээ танилцуулж, ололт амжилтаа дүгнэсэн гэж хэлж болно. Тус төслийн хүрээнд их дүнтэй гүйлгээний Банксүлжээ, бага дүнтэй болон төлбөрийн картын гүйлгээний системийг бүрэн шинэчилсэн.
Бага дүнтэй гүйлгээний систем буюу АСН+ системийг 2019 онд нэвтрүүлсэн нь гүйлгээг бодит цагийн горимоор дамжуулах, ижил төрөл, зориулалт бүхий гүйлгээг багцлан илгээх, төлбөрийн нэхэмжлэлд үндэслэн гүйлгээ үүсгэх, дансны нэгдсэн санг ашиглан гүйлгээ илгээх болон шинэ төрлийн гүйлгээг дэмжих чадавхтай болсноороо онцлог билээ.
Энэхүү системийн дэд бүрэлдэхүүн хэсэг болох Дансны нэгдсэн санг (ДНС) нэвтрүүлж, хэрэглэгчийн дансны нэр, дугаар бүхий үндсэн мэдээллийг дахин давтагдашгүй хоёрдогч мэдээлэлтэй холбон бүртгэлжүүлж, оролцогч хоорондын төлбөр тооцоонд ашиглах болсон. Ингэснээр банк хоорондын гүйлгээ дамжуулахад хялбар болж, дансны нэр дугаар зөрж, гүйлгээ буцаагдах асуудлыг бүрэн шийдсэн.
Манай улсын хувьд 24/7 хуваариар банк хоорондын бага дүнтэй гүйлгээг бодит цагийн горимоор буюу гүйлгээ хийсэн даруй хүлээн авагчийн дансанд нь тусдаг систем ажиллуулдаг дэлхийн цөөхөн орны нэг гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу.
Үүнээс гадна төлбөрийн картын шинэ системийг 2021 оны 4 дүгээр сард нэвтрүүлсэн бөгөөд шинэ төрлийн гүйлгээг дэмжих, системийн нууцлал аюулгүй байдлыг хангасан, системийн ачаалал, гүйлгээ боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлсэн олон улсын стандартад нийцсэн цогц систем юм. Тус систем нэвтэрснээр оролцогчид өөрийн гүйлгээний хэмжээг урьдчилан тооцоолж, харилцах дансандаа байршуулснаар төлбөр тооцооны эрсдэлээс бүрэн сэргийлж, мөн маргаантай болон алдаатай гүйлгээг илрүүлсэн агшинд харилцан тохиролцож, холбогдох залруулгын гүйлгээг тухай бүр хийж, шийдвэрлэх боломжтой болсон зэрэг давуу талтай.
Мөн Монголбанк төлбөрийн системд зориулж олон улсын стандартад нийцсэн зай талбай, өрөөний зохион байгуулалттай, орчин үеийн хөргөлт, сүлжээний сувагчлал, цахилгааны найдвартай эх үүсвэр, галын дохиоллын систем, аюулгүй байдлын тоног төхөөрөмж бүхий Дата төвийг шинэчлэн байгуулаад байна.
- Төлбөрийн системийн дэд бүтцийг бүхэлд нь шинэчилснээр шинэ төрлийн төлбөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ тоглогчид зах зээлд гарч ирэх боломжтой болж байна гэж ойлгож болох уу?
Болно. Бидний суурь дэд бүтэц бүрэн шинэчлэгдэж, хууль эрх зүйн орчин ч мөн даган өөрчлөгдсөнөөр зөвхөн банк, банк бус санхүүгийн байгууллага биш хуулийн этгээдүүд төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, манай системүүдийн оролцогч болж, илүү өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хэрэглэгчийн цар хүрээгээ тэлэх бүрэн боломжтой болж байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, түүнтэй хамаарал бүхий үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан хуулийн этгээд давхардсан тоогоор 20 орчим болоод байна. Зах зээлд ингэж шинэ тоглогчид гарч ирснээр иргэдэд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл олширч, гүйлгээний шимтгэл, хураамж багасах, чанар, хурд нэмэгдэх гээд олон давуу талыг бий болгодог учир Монголбанкнаас төлбөрийн системд орж ирэх шинэ тоглогчдыг байнга дэмжиж ажилладаг юм.
- Зохицуулагч байгууллага нь финтек компаниудыг дэмжин ажиллаж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Миний хувьд Ковид-19 цар тахлаас шалтгаалж бэлэн мөнгө хэрэглэхээс илүүтэй, төлбөрийн карт, QR код ашиглан төлбөр хийхийг илүүд үзэх болоод байгаа. Тэгвэл та бүхэн иргэдийн карт, QR код зэрэг төлбөрийн хэрэгсэл, сувгийн хэрэглээг яаж дэмжиж ажилладаг вэ?
Бэлэн бус төлбөрийн хэрэгслийг түлхүү ашиглаж байгаад тань маш их баярлаж байна. Бидний зорьж, хийж байгаа ажлууд маань үүнд л чиглээд байгаа юм.
Манай Улсын хувьд 2012 он хүртэл зөвхөн олон улсын картын байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдгээрээс хамааралтайгаар Виза, Мастеркарт зэрэг олон улсын картыг дотоод, гадаадын зах зээлд ашиглаж байсан. Харин 2012 онд Монголбанк санаачлан, банкуудтайгаа хамтран үндэсний брэнд ₮ картыг дотоодын зах зээлд ашиглах болсноор гадны картын байгууллагаас бүрэн хараат байхаа больсон гэж хэлж болно.
Өмнө дурдсан Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бид энэхүү үндэсний брэнд картыхаа нууцлал аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэн, хэрэглээний цар хүрээг тэлэх зорилгоор EMV/NFC чип технологид шилжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлээд явж байна. ₮ карт маань чиптэй болсноор картын мэдээллийг хуулбарлах, хуурамч карт ашиглах боломжгүй болж байгаагаас гадна NFC технологийн тусламжтай картыг зайнаас уншуулж төлбөр тооцоог шуурхай хийх, картын мэдээллийг гар утсанд суулган ашиглах гээд илүү олон үйлчилгээний сувгийг бий болгож байгаа юм.
QR кодын хувьд иргэдийн төлбөр төлөх бас нэг төрлийн шинэ суваг гэж ойлгож болно. Бид шилжүүлэг хийхдээ хүлээн авагчийн дансны мэдээллийг шивж оруулах, цаг алдах, зарим тохиолдолд алдаатай шивж гүйлгээ буцаагдах гээд асуудлууд гардаг байсан. Харин QR код ашиглаж эхэлснээр энэ бүх ажиллагааг хялбарчлан, ганц код уншуулаад л дансны мэдээлэл, гүйлгээний дүн хүртэл автоматаар гарч ирж, бидний ажиллагааг хялбарчилж өгөх болсон.
Энд нэг төвөгтэй зүйл байсан нь худалдаа үйлчилгээний байгууллага дээр банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч тус бүрийн ялгаатай QR код байршиж, хэрэглэгч ямар санхүүгийн байгууллагын үйлчлүүлэгч гэдгээс хамаарч өөр код гаргах шаардлага гардаг байсан. Үүнийг халах зорилгоор бид 2022 оны 5 дугаар сараас QR кодын нэгдсэн стандартыг гарган, мөрдүүлж эхлээд байна. Ингэснээр банк, цахим мөнгө гаргагч хэн ч байсан нэг стандартын дагуу QR код үүсгэх, ингэснээр харилцагч өөрийн хүссэн банк, санхүүгийн байгууллагын аппликейшнийг ашиглан тус кодыг уншуулж гүйлгээ хийх боломжтой болж байгаагаараа онцлог юм.
Мөн зарим тохиолдолд QR код ашиглан бараа, үйлчилгээний төлбөр төлөхөд тухайн худалдаа үйлчилгээний байгууллага биш харин харилцагч шимтгэл төлөх тохиолдол гардаг байсан. Энэ асуудлыг шийдэх зорилгоор бид бага дүнтэй гүйлгээний ACH+ системд шинэ гүйлгээний төрөл нэмж, QR код уншуулан, худалдан авалтын гүйлгээ хийхэд харилцагч бус мерчант нь шимтгэл төлөх зохицуулалтыг мөн хийж өгөөд байна.
- Монголбанкнаас бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж ажилласнаар гүйлгээний тоо хэмжээнд яаж нөлөөлж байгаа тухай тоон мэдээ бий юу?
Бид сар бүр төлбөрийн системийн оператор, оролцогчдоос тайлан мэдээг тогтмол авч, олон нийтэд ил тод байршуулж ажилладаг. Энэхүү тоон мэдээнээс харахад улсын хэмжээнд төлбөр тооцооны 90 орчим хувийг бэлэн бус хэлбэрээр хийж байгаа үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл нийт гүйлгээний 90 хувь нь карт, банкны аппликейшн, гар утас зэрэг цахимаар хийгдэж байгаа бөгөөд үлдсэн 10 хувь нь бэлэн мөнгөөр хийгдэж байна.
Банк хоорондын гүйлгээний мэдээллээс харахад төлбөрийн картын гүйлгээний өдрийн гүйлгээний дундаж тоо өмнөх оны мөн үетэй харцуулбал 1.1 саяд хүрч 37 хувиар, бага дүнтэй гүйлгээний өдрийн гүйлгээний дундаж тоо 456 мянгад хүрч 70 хувиар тус тус өссөн байна. Эндээс дүгнэхэд манай улсын бэлэн бус төлбөр тооцоо жил тутамд нэмэгдэж байгааг харж болно.
- Эцэст нь манай улсын төлбөрийн системийн хөгжил ямар түвшинд байгаа гэж та үзэж байгаа вэ?
Бидний хувьд дэлхийн жишигтэй зэрэгцээд явж байна. Дэлхий дээр 190-ээд орон төлбөрийн систем ажиллуулж байгаагийн 40 орчим нь өөрсдийн гэсэн брэнд карт, системтэй буюу гадны улсаас хараат бус, дотооддоо гүйлгээ, төлбөр тооцоогоо хийх бүрэн боломжтой байдаг. Дээрх тоо баримтуудаас харвал Монгол Улсын төлбөрийн систем өндөр хөгжилтэй улс орны хэмжээнд байна гэж дүгнэж болно.
Төлбөрийн системийн хөгжил нь технологийн дэвшлийг даган байнга өөрчлөгдөж байна. Үүнтэй зэрэгцэн дэд бүтэц, эрх зүйн орчныг тухайн нөхцөлтэй уялдуулан сайжруулах, шинэчлэх ажлыг Монголбанкны зүгээс байнга хийх болно.
- Ярилцлага өгсөнд баярлалаа.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин