Х.БОЛОРЧУЛУУН: Хүн хямд, чанар багатай хувцас хэрэглэж болно. Харин хямд, чанар муутай хүнс хэрхэвч хэрэглэж болохгүй
Үйл явдал
/
2022-09-21

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээг 17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов. 

“Намрын намарт хэдхэн өдөр Улаанбаатар хот болон суурин газруудын айлуудын хөргөгч ногоороод өнгөрөх биш, жилийн дөрвөн улиралд ногоон өдрүүд байх ёстой. Хүн хямд, чанар багатай хувцас хэрэглэж болно. Харин хямд, чанар муутай хүнс хэрхэвч хэрэглэж болохгүй" хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нээлтийн үеэр хэлсэн нь анхаарал татаж байлаа.Шинэ технологи, өндөр үр ашигтай эцсийн бүтээгдэхүүн, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлийг бий болгоход төрийн бодлого, дэмжлэгийг салбарын сайдын хувьд бүрдүүлж ажиллахаа тэрбээр илэрхийлсэн юм. 

Технологийн хугацаанд хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх, 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох асуудлыг шуурхай зохион байгуулж, хүнсний зарим төрлийн ногоонд импортын татварыг үе шаттай нэмж, хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс түүхэндээ анх удаа 125.0 мянган тонн хүнсний ногоо хураан авч, хэрэгцээний 70 хувийг хангах боломж бүрдээд байна. Цаашид ойрын 2 жилийн хугацаанд хүнсээ 100 хувь дотоодоосоо бүрэн хангах зорилтыг төрийн оновчтой бодлого, бодит дэмжлэгтэйгээр тариаланчид, үйлдвэрлэгчидтэйгээ хамтран  хэрэгжүүлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун онцоллоо. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас жил бүрийн намар 9-р сард “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Тээвэр логистик, худалдаа, эдийн засаг, байгаль цаг уурын энэ хүнд хэцүү цагт үйлдвэрлэгч, хэрэглэгчдээ дэмжих, нөгөө талдаа нийслэлчүүдэд шинэ ургац, орон нутгийн брэнд болон үндэсний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнийг нэг цэгээс хямд үнээр худалдан авах, өвлийн нөөцөө бэлтгэх, бизнес эрхлэгчид хамтран ажиллах, туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байна.

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээнд нийслэл, хөдөө орон нутгаас 400 гаруй үйлдвэрлэгч, тариаланч нийт 2000 орчим төрлийн шинэ ургацын хүнсний ногоо, бараа бүтээгдэхүүнийг 7 өдрийн турш түрээсийн төлбөргүйгээр худалдан борлуулж байгаа юм. Үүнээс гадна шинэ ургацын хүнсний ногоог үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор нийслэлийн хэмжээнд шууд борлуулах 350 цэг, дэлгүүр ажиллуулж байна. 

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хүнсний ногоочид, тариаланчид, үйлдвэрлэгчидтэй уулзаж, эх орны хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо болон дотооддоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, газар тариалангийн тоног төхөөрөмжтэй танилцлаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.200.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.