УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүд БНТУ-ын Үндэсний Их Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2 цаг 57 мин

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга С.Зулпхар өнөөдөр (2024.11.28) Монгол Улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акар тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга С.Зулпхар, ноён Хулуси Акар тэргүүтэй эрхэм зочидтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв. Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлэг энэ оны 9 дүгээр сард байгуулагдсан гэдгийг тэрбээр танилцуулаад, тус бүлгийн дэд даргын хувьд парламентын бүлэг хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хичээн ажиллана хэмээлээ. Үргэлжлүүлэн С.Зулпхар гишүүн “Манай хоёр улс газар зүйн хувьд алслагдмал ч олон зуун жилийн түүх, соёлын хэлхээ холбоотой. Энэ ч утгаараа Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа Бүгд Найрамдах Турк Улсыг “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг” гээд хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акар, хоёр улсын олон зууны түүх, соёлын харилцаа нь орчин цагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үндэс болсныг дурдав. Турк, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үр нөлөөтэйг тэмдэглээд 100 сая ам.долларт хүрсэн хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улмаар боловсрол, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар байр сууриа илэрхийлэв.

Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгааг уулзалтын үеэр талууд тэмдэглээд, хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх талаар санал солилцов.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүн Х.Жангабыл, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дэд дарга Рефик Өзен, тус Байнгын хорооны гишүүн Фейзи Бердибек, Мехмет Али Жевхери, Өзгүр Жейлан, Эелем Эрту Эртурул, Аяюже Түркеш Таш, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш нар болон албаны бусад хүмүүс байлцлаа 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.166.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.