“ДЭЛХИЙН ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ФОРУМ”-ыг 2023 онд зохион байгуулна
Үйл явдал
/
2022-09-21
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Олон улсын худалдааны байгууллагын Орлогч захирал Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулахаар төлөвлөгдөж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын бэлтгэл ажлын хүрээнд санал, мэдээлэл солилцов. Олон улсын худалдааны байгууллагын Орлогч захирал Дороти Тембо нь энэхүү форумыг зохион байгуулахад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам чухал байр суурь эзлэх бөгөөд тус яамны дэмжлэг оролцоо нэн чухал гэдгийг онцоллоо. Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн форумыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллаж, мэдээлэл солилцон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлэв. 

“Дэлхийн Экспортыг Дэмжих Форум” (World Export Development Forum) нь Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төв (International Trade Centre-ITC)-ийн дэмжлэг, оролцоотойгоор 1999 оноос жил болгон зохион байгуулагдаж буй бөгөөд ОУХТ-өөс тухайн улсын Засгийн газартай хамтран тухайн жилийн форумыг зохион байгуулдаг. Тус форум нь хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих,  жижиг, дунд үйлдвэрүүдийг бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

“Дэлхийн Экспортыг Дэмжих Форумыг” Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Улаанбаатар хотноо 2020 онд зохион байгуулахаар төлөвлөөд байсан боловч Ковид-19 цар тахал, дэлхий дахины цаг үеийн нөхцөл байдлын улмаас 2023 онд зохион байгуулахаар ОУХТ-ийн саналыг хүлээн авч, хэрэгжүүлэхээр болоод байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.73.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.