НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ дэлхийн эдийн засгийг сэргээж, хөгжлийн тэнцвэртэй, зохистой, хүртээмжтэй өсөлтийн шинэ үе рүү чиглүүлэхийн тулд идэвхтэй ажиллах хэрэгцээ шаардлага байгаа талаар цохон тэмдэглэж, дэлхийн хөгжлийг дэмжих санаачилга дэвшүүлсний мөрөөр уг Анд нөхдийн бүлгийг 2022 оны нэгдүгээр сард байгуулсан юм.
Анд нөхдийн бүлгийн Сайд нарын түвшний уулзалтыг нээж БНХАУ-ын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И үг хэлсэн ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш цахим мэндчилгээ ирүүлэв.
Сайд Ван И хэлсэн үгэндээ “Дэлхийн хөгжлийг дэмжих – Тогтвортой хөгжлийн 2030 зорилгуудын төлөө илүү хүчирхэг, ногоон, эрүүл хөгжлийн төлөөх Анд нөхдийн бүлэг” нь өргөжин тэлж, бодлогын хэлэлцээг өрнүүлэх, сайн туршлага хуваалцах, практик хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн гурван чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа талаар танилцуулж, бүлгийн гишүүд болон санаа нэгт орнуудыг улам бүр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэв.
Эл арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ цар тахлын хор нөлөө, эдийн засгийн хямрал, зэвсэгт зөрчил, тэмцэл бусад хүчин зүйлээс хамаарч Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилт удааширч, өмнө олсон ахиц дэвшлээ хадгалахад бэрхшээлтэй болж ирж буй энэ үед дэлхийн томоохон хөгжиж буй орон – БНХАУ-ын зүгээс гаргаж буй энэ санаачилгыг гишүүн улсууд, НҮБ-ын систем, олон улсын байгууллагуудын нэгэн адил талархан хүлээж авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Улмаар эл Анд нөхдийн бүлэг нь НҮБ-ын хүрээнд хөгжлийн асуудлыг шийдвэрлэж, урагшлуулахад чухал хувь нэмэр бүхий хэлэлцүүлгийн индэр болж төлөвшинө гэдэгт итгэл төгс байна гэлээ. Дэлхийн хөгжлийг дэмжих Анд нөхдийн бүлэгт Монгол Улс зэрэг Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй 60 гаруй улс нэгдээд байна.
-
20 цаг 4 мин
-
22 цаг 44 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
20 цаг 4 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин