Ухаалаг хүлэмжид жилийн дөрвөн улирлын турш тариалалт хийх боломжтой
Үйл явдал
/
2022-09-23

2021 онд манай улс физиологийн хэрэгцээт хүнсний ногооны 54 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасны дотор хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл 6 хүрэхгүй хувийг эзэлж байна.

Өвлийн 32.3 га, зуны 88.2 га нийт 120.5 га хүлэмжнээс 5741.0 тонн хүнсний ногоо хураан авч өргөст хэмх, улаан лооль, чинжүү, навчит ногоо зэрэг хүлэмжид тариалдаг бага тархацтай 19588 тонн (5.1 сая ам.доллар) хүнсний ногоог импортоор авчээ. 

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлэх ажилд импортоор авч буй хүлэмжийн бага тархацтай ногоог 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангахын тулд шинээр 50.0 га өвлийн, 100 га зуны хүлэмж нэмж байгуулан хүлэмжийн нийт талбайг 270 га-д хүргэх зорилт дэвшүүлээд байна.

БНСУ-ын Засгийн газар, Эрчим хүчний технологийн үнэлгээ, төлөвлөлтийн хүрээлэн ("KETEP")-ийн санхүүжүүлжилтээр БНСУ-ын JH Energy консорциум, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран "Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх" төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд халаалт, хөргүүрийн системийг экологид ээлтэй, зардал хэмнэсэн сэргээгдэх эрчим хүчний технологиор шийдвэрлэсэн 2000 м2 ухаалаг хүлэмжийн аж ахуйг байгуулсан юм. Ухаалаг хүлэмжийн нээлт өнөөдөр болж, нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон бусад төлөөлөгч оролцлоо.  

Энэхүү төслийн хүрээнд байгуулж буй хүлэмж нь халаалт, хөргүүрийг экологид ээлтэй, зардал хэмнэсэн нарны эрчим хүчний технологиор шийдвэрлэж, гидропоник технологи буюу жилийн турш шинэ ургацын хүлэмжийн ногоо ургуулах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн төслийн хүрээнд энэ чиглэлийн мэргэжилтэн, агрономч, ногоочдыг бэлтгэж чадавхижуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.95.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.