Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход чиглэгдсэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Тус хөтөлбөрийг Монгол Улсын бүх хүн амд чиглүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд “Парламентын боловсрол-Сургагч багш” (дэд) хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Нийслэлийн боловсролын газартай хамтран өнөөдөр (2022.09.22) Төрийн ордонд зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн. Парламентын боловсрол бол дэлхий нийтийн ерөнхий боловсролын чиг хандлага болон төлөвшин тогтоод багагүй хугацаа өнгөрснийг тэрбээр онцлоод, Үндсэн хуулийн боловсрол, төр засгийн үйл хэрэг, төрийн эрх барих ардчилсан тогтолцооны талаарх мэдлэг, мэдээллийг ард иргэддээ өгч, иргэний боловсролыг дэмжих явдал бол ардчиллын боловсролын суурь үндэс гэж үздэгээ илэрхийлсэн.
Олон зүйлээс харахад иргэдийн, тэр дундаа залуу үеийнхний сонгуулийн болоод ардчиллын боловсрол дутмаг байна гэж Улсын Их Хурлын дарга хэллээ. Иргэний боловсрол олгох хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас санаачлан боловсруулж, хэрэгжүүлж байгаа ч сургагч багш нарыг бэлтгээгүй, мэргэжлийн багш дутагдалтайгаас сурагчдын олж авч буй мэдлэг хангалтгүй байгааг дурдсан.
Тэрбээр, “Энэ мэт жишээ, олон улсын ардчилсан жишиг хандлагыг хараад Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газраас “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 2021 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хөтөлбөр бол 2019 онд баталсан Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Ард түмний засаглах эрх бол ардчиллын үнэт зүйл төдийгүй Монгол Улсын ирээдүйн амин чухал асуудал юм. Ардчиллаа хамгаалах, хөгжүүлэхэд хойч үе маань өнөөдрөөс эхлэн суралцаж, боловсорч, хүмүүжих ёстой. Үүний тулд Үндсэн хуулиа танин мэдэж, ардчилал түүний үнэт зүйлс гэж чухам юу болох талаар суралцаж, хүний эрх, эрх чөлөө, засаглал, парламент гэж гэж юу болохыг ойлгож, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох чадварыг багачууд хүүхдүүдэд олгох нь нэн чухал юм. Энэ мэдлэг, чадварыг хүүхдүүдэд олгох сургагч багш бэлтгэх дэд хөтөлбөрт сонгогдсон эрхэм багш нартаа, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй Швейцарын хөгжлийн агентлаг, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Нийслэлийн боловсролын газрын хамт олонд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ингэснээр төрийн үйл хэрэг болоод сонгуульд оролцох залуусын идэвх оролцоог нэмэгдүүлж, ардчилал төлөвших, хөгжих, бэхжиж, улс орны үйл хэрэгт эерэг нөлөө үзүүлнэ гэж итгэж байна.
Энэ бүхэн сургагч багш нараас шалтгаалах бөгөөд та бүхэн эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар арга хэмжээг нээж хэлсэн үгийнхээ төгсгөлд өндөр үр дүнтэй, сайн ажилласан сургагч багш нарын төлөөллийг Швейцарын Холбооны Улс болон Англи орон дахь парламентын боловсрол хөтөлбөрт оролцдог багш нарын үйл ажиллагаатай танилцуулж, туршлага судлуулахаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай ярилцан шийдвэрлэсэн гэдгийг дуулгасан юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Багш хүн бол нийгмийг соён гэгээрүүлэгчид. Тэд хамгийн хүндтэй бас хариуцлагатай үүргийг хүлээдэг. Монголын хойч үед, төрийн үйл хэргийг уламжлалд суурилсан шинэ чиг хандлага, өргөн цар хүрээтэй, ёс суртахууны өндөр хэмжээнд парламентын боловсрол олгоход сургагч багш таны үүрэг юу юунаас эрхэм хэмээн нээлтийн мэндчилгээний үеэр хэллээ.
Түүхийн эргэлтэд соёл боловсролын олон үнэт зүйл хувьсан өөрчлөгдөж байна. Даяаршлын энэ зуунд улс орны хөгжлийн эх суурийг залуусыг оролцоо түүчээлэх учиртай. Тиймдээ ч монголын төр залуусын оролцоог нэмэгдүүлэхийн тулд, тэднийг нийгмийн манлайлагчид болгохын тулд Парламентын боловсролыг түлхүү олгохыг зорьж байна. Хууль тогтоох дээд байгууллага болох парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэх хойч үеийг бэлдэх эрхэм үүрэг, өндөр итгэлийг монголын төр та бүхэнд даатгажээ. Эрхэм сургагч багш таны саруул ухаан, боловсролын үрээр Монголын мянга мянган залуус оюуны цараагаа тэлэх болтугай” хэмээлээ.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, “Парламент гэж юу вэ, яагаад манай улс Үндсэн хуульдаа эрхэмлэн зааж, энэ замыг сонгосон юм бэ. Юу хийдэг газар болохоор бид идэвхтэй сонсож, санал бодлоо хүргэж, оролцоогоо хангаж байх ёстой вэ гэдгийг ирээдүй хойч үедээ ойлгуулсны үр дүн хожмын хойчдоо гарна гэж бодож байна. Ийм ч учраас хүүхэд залууст парламентын үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл олгож, парламентын үйл ажиллагаанд хандах оролцоо, идэвхийг дэмжих зорилгоор “Парламентын боловрол” хөтөлбөрийг санаачилсан УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын Тамгын газар, энэ хөтөлбөрийг боловсруулахад оролцсон бүхий л эрдэмтэн багш, судлаачдад гүн талархал илэрхийлье.
Хөтөлбөрийн зорилго нь парламентат ёсны түүх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой нийтлэг мэдлэгийг олон нийтэд хүргэх, иргэн ба парламентын хоорондын эерэг харилцааг дэмжих, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох чадвартай иргэдийг төлөвшүүлэх гэж тодорхойлсон. Үүний дагуу хөтөлбөр боловсруулагчид сүүлийн хоёр жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажилласан. Одоо энэхүү хөтөлбөрийг олон нийтэд түгээхэд өнөөдрийн энэхүү танхимд хуран цугласан сургагч багш нарын үүрэг оролцоо их юм” гэлээ.
Арга хэмжээний нээлтийн мэндчилгээний дараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан “Парламентын боловсрол” хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, “Энэ эргэх холбоог бий болгохын тулд зөв ойлголт, мэдлэг, мэдээлэл чухал үүрэгтэй. Тиймээс дэлхийн олон орны парламент өөрийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойлгуулах, парламентын ардчиллын үнэт зүйлсийг хадгалах зорилгоор парламентын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлсээр иржээ. УИХ ч мөн энэ үндэслэл шалтгаанаар 2019-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ндөө “Парламентын боловсрол” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтыг тусгасан. Энэ зорилтын санаачлагч нь УИХ-ын дарга Г.Занданшатар юм. 2019 оноос эхлүүлсэн “Парламентын боловсрол” хөтөлбөр маш олон талын оролцоо, хүчин чармайлтын үр дүнд биелэлээ олж, гарын авлага, хэрэглэгдэхүүнүүд бэлэн болсон” гэлээ.
Тэрбээр, Бид бүгд Монгол Улсын идэвхтэй, оролцоотой иргэдийг бий болгож, төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байгаа хэмээгээд парламентын боловсрол олгох зорилтот бүлэг, хөтөлбөрийн бүтэц, гарын авлага, цахим хуудас, дижитал контент, сургагч багш бэлтгэх хөтөлбөр болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөр дэх багш нарын оролцооны талаар танилцуулсан. Тэрбээр, бидэнд орчин үеийн хүүхэд, залуучуудад энэ нийгмийнхээ хууль, дүрмийн дагуу нийгмийн идэвхтэй иргэн болж төлөвшихөд нь хичээл болон бусад үйл ажиллагаагаар зааж сургах олон чадамж бий хэмээгээд 3-7 дахь жилдээ багшилж буй залуу багш нар хөтөлбөрт оролцож буйг онцолсон.
Эрдэмтэн, судлаачдын бэлтгэсэн гарын авлага, бусад хэрэглэгдэхүүнээр дамжуулан сурагчиддаа мэдлэг олгон, тэрхүү сурагчдаараа дамжуулан нийгмийн оролцоог хангах, өөрсдөө ч идэвхтэй иргэн, багш байх шинж чанараа улам бүр хөгжүүлж явахыг багш нарт захилаа. Энэ үйл ажиллагааг УИХ-ын дарга, УИХ-ын Тамгын газар ивээлдээ авч, бодлогоор дэмжиж явах болсон баяртай байгаагаа уламжилсан юм.
Дараа нь Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал “Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрийг танилцуулж, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийсэн.
Энэхүү хөтөлбөрт 9 дүүргийн 62 сургуулийн 102 багш, хоёр ТББ хамрагдсан байна.
Мөн сургууль, багш, эцэг эхийн сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн, тэдний хөгжлийг дэмжсэн олон талт үйлчилгээг үзүүлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсролын чанар, хүртээмж, тэгш хамруулах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой “Сургууль, багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, үүнд найман аймаг, дөрвөн дүүргийн 2000 гаруй залуу багш хамрагдсан гэлээ. Түүнчлэн Хүүхэд, өсвөр үеийнхэн болон залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин, тэдэнд аливаа асуудлыг олон талаас нь эргэцүүлж үнэлэлт дүгнэлт өгөх, санал бодлоо солилцон хуваалцах, баримт нотолгоонд суурилсан хамтын шийдвэр гаргах, нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах зэрэг нийгмийн үнэт зүйлд суралцахад дэмжлэг үзүүлэн ажилладаг “Хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд давхардсан тоогоор 250-иад сургуулийн 9000 орчим багш, хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч ажилласан гэсэн мэдээллийг өгсөн.
Энэхүү арга хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Үндэсний зохицуулагч С.Батбаатар хааж үг хэлсэн.
“Залуу багш нарт сайн сайхныг бүтээх, шавь нараа хамгийн эрдэмтэй хүн болгох эрмэлзэл дүүрэн байдаг. Парламентын боловсрол олгох сургагч багш болон бэлтгэгдэж буй явдал нь залуу багш нарын хүсэл эрмэлзэл дээр гэрэл гэгээг нэмсэн болов уу гэж бодож байна. Олон улсын судалгааны байгууллагаас Монгол Улсын тодорхой иргэдийн дунд судалгаа явуулж “Монгол Улсын Үндсэн хуулийг та уншиж үзсэн үү” гэсэн асуулт тавихад тэрхүү иргэдийн 48 хувь нь Үндсэн хуулиа уншиж үзсэн, ямар нэг байдлаар харж байсан гэж хариулсан байсан. Үлдсэн 52 хувь нь Үндсэн хуулиа огт нээж хараагүй болж таарч байгаа юм. Энэ бол ардчилсан эрх зүйт, Үндсэн хуульт нийгэмд амьдарч буй иргэний хувьд харамсалтай жишээ юм.
Монгол хүн бүрийн зүрх улс орон нь хөгжин цэцэглэсэн, ард түмэн нь аз жаргалтай, амар тайван нийгмийг байгуулахын төлөө цохилж байгаа гэж боддог. Сүүлийн хэдэн жилд үүн рүү тэмүүлсэн эрмэлзэл, тэмүүлэл илүү бодитой, хүчтэй болж байгаа гэж харж байгаа. Залуучууд эрх зүйт төр гэж юу вэ, парламент гэж юу вэ, яагаад УИХ-ын гишүүн сонгогддог вэ, тэр хүн юу хийдэг вэ, бид өөрийн төлөөллийн эрхээ эдлэхийн тулд юу хийх вэ гэсэн мэдлэг, мэдээллийг өсвөр үеийнхэнд олгох зайлшгүй шаардлага бий болоод байгаа. Тэдэнд өөрсдийн олж авсан мэдлэг чадварын хүрээнд төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцдог, санал бодлоо илэрхийлдэг болоход туслах хөтөч нь та нар юм шүү. Энэ асуудалд цөөхөн хүн санаа тавьж байсан бол өнөөдөр 100 багшаар бүл нэмж байгаадаа баяртай байна гээд сургагч багш нарт ажлын амжилт хүслээ.
Төгсгөлд нь энэхүү арга хэмжээнд оролцогчид Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг авахууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
1 цаг 39 мин
-
20 цаг 56 мин
-
23 цаг 37 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
Өчигдөр 11 цаг 32 мин
-
1 цаг 39 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
20 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин