ДАН СУРААР СҮЛЖИЖ хийсэн ЭМЭЭЛ тэргүүтэй МОРИНЫ ХЭРЭГЛЭЛ 15 саяар зарагдаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-09-25

Үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө санаа шулуудан зүтгэж, өөрсдөө ажлын байр бий болгож, улсдаа татвар төлж буй 640 гаруй мянган ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр Улаанбаатар хотод болж буй "Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл" үзэсгэлэнд оролцож байна. Монголчуудын ахуй амьдралтай салшгүй нэг хэсэг бол мал аж ахуйн салбар юм. Таван хошуу малыг гаршуулан уналга ачлаганд сургахаас гадна сүү цагаан идээ, түүхий эдийг нь ч өөрсдийн ахуй амьдралдаа хэрэглэдэг. Түүний нэг хэлбэр бол Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас тус үзэслэнд оролцож буй н.Равдан гуайн бүтээл юм. Тэрбээр үхрийн ширийг ганд илдэж, зүсэж сүлжээд эмээл, ногт, хазаарын жолоо тэргүүтэй морины эдлэл хэрэгслэл, тэрчлэн мөн гар аргаар сүлжиж хийсэн бүс тэргүүтэй бүтээлээр уг үзэсгэлэнд оролцож буй юм. 

Өвлийн хүнсэнд хэрэглэсэн бод малын арьс, ширийг ийнхүү бүтээл болгон ашигласан нь нэн өвөрмөц байхаас гадна ихээсэн цаг хугацаа зарцуулсан гэдгийг тэрбээр онцолсон юм. Дан сураар сүлжиж хийсэн  хоёр хос эмээлийн тус бүр нь 15 сая төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд нэг эмээлийг хоёр жил орчим хугацаанд хийсэн гэлээ. Дан ганц эмээл ч бус сүлжмэл суран бүс, ташуур, хазаар ногт зэргийг өөрийн хөвгүүдийн хамт Цэцэрлэг сумандаа үйлдвэрлэдэг байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.