“Удирдлагын манлайлал ба байгууллагын соёл” сэдэвт сургалт боллоо
Үйл явдал
/
2022-10-03

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Удирдлагын манлайлал ба байгууллагын соёл” сэдэвт сургалтыг энэ сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

700

Ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлэх, удирдлагын манлайлал ба байгууллагын алсын хараа, зорилгоо биелүүлэх шийдвэр гаргах чадварт сургах, чадавхжуулах зорилго бүхий уг сургалтад НЗДТГ, түүний харьяа байгууллагууд болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын удирдлага, төлөөллүүд хамрагдаад байсан бол өнөөдөр /2022.09.29/ яамдын болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагууд хамрагдлаа.

700

Сургалтын эхэнд төрийн албаны шинэтгэл, Төрийн албаны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Төрийн албаны зөвлөлийн /ТАЗ/ гишүүн Д.Баатарсайхан “Төрийн албаны хүний нөөцийн чадамжийг бүтээмжтэй уялдуулах нь”, ТАЗ-ийн гишүүн С.Цэдэндамба “Өөрчлөлт- Шинэтгэл” Сэтгэлгээ, ТАЗ-ийн гишүүн Ц.Амартөгс “Хүний нөөцийн удирдлагын цахим систем” сэдвүүдээр мэдээлэл хийлээ.

УИХ-ын Ес зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр сургалтыг нээж хэлсэн үгэндээ, өнөөдөр бид маш чухал сэдвийг хөндөн хэлэлцэж, үр дүнтэй сургалтыг зохион байгуулж байна. Төрийн албыг төлөвшүүлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах нь нэн чухал. Шуудхан хэлэхэд бүх түвшний төрийн албанд удирдлагын манлайлал гэдэг зүйл алга байна. Удирдлагын манлайлал гэдэг зүйл байхгүй бол байгууллагын соёл байхгүй гэсэн үг. Удирдах албан тушаалтнууд их зүйлийг сурч мэдэн манлайллаа бий болгох шаардлагатай гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн “Өнгөрсөн 30 жилд бид төрийн албаны ёс зүйн тухай ямар нэгэн хуульгүй явсаар ирсэн. УИХ-ын нэр бүхий гишүүд Төрийн албаны ёс зүйн тухай хуулийг өргөн барьсан. Энэ намрын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэн батална. Төрийн алба, төрийн албан хаагчид тавих шаардлагыг өндөржүүлнэ. Төрийн албаны удирдах албан тушаалтанд тавигдах нийтлэг шаардлагыг хуульд маш тодорхой зааж өгнө. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, зохицуулалт, сахилга хариуцлагын шаардлага зэргийг мөн тодорхой болгоно” хэмээлээ.

700

“lead international” байгууллагын олон улсын сургалт хариуцсан захирал Жереми Кокс “Зан чанарт суурилсан манлайлал” сэдвээр, Конкордиа их сургуулийн Газарзүй, төлөвлөлт болон байгаль орчны тэнхимийн профессор Южин Ким “Алсын хараагаа зөв тодорхойлж, амжилтад хүрэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьсан.

Сургалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан, ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.57.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.