Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган эхэллээ
Үйл явдал
/
2022-10-04

 

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2022.10.03) 10 цаг 00 минутад  65 гишүүн буюу 85,5 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд болон Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүнүүд, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын дарга нар оролцсон.

Намрын чуулганы нээлтийн эхэнд Эзэн Чингис хааны эш хөрөгт хүндэтгэл үзүүлэх ёслол болов.

Уг ёслолыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны долдугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Их Монголын төрт улсыг байгуулан мандуулж, монголчуудын суу алдрыг дэлхийн дайдад тунхаглан зарласан, Мянганы суут хүмүүн Их эзэн Чингис богдынхоо эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд залж буйг дурдаад Монгол төрийн хоймор болсон энэ танхимд, Эзэн Богдынхоо эш хөрөгний өлмийд Монгол Улсын шинэ сэргэн мандлыг хөтлөн замчлах сайн хууль, мэргэн бодлого боловсорч, төрийн түшээд маань гагцхүү хуульд захирагдан, өргөсөн тангараг, төрийн түшээгийн ёс зүйг дээд зэргээр сахиж, ард түмний засаглах эрх бүрэн утгаараа хэрэгжиж байх болно гэдэгт гүнээ итгэж байгаагаа онцлон тэмдэглэлээ.

700

Ийнхүү Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимын хойморт Эзэн Чингис хааныхаа эш хөргийг, “Алтан бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай. Бүрэн улс минь бүү сандартугай” хэмээсэн билиг сургаалын хамт залав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар болон Улсын Их Хурлын гишүүд Эзэн Богд Чингис хааны эш хөрөгт мэхийн хүндлэл үзүүллээ.

Дараа нь  Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ /

Тэрбээр хэлсэн үгэндээ, Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлт, мөнгө-санхүүгийн бодлогын эрс өөрчлөлт, геостратегийн хүндхэн цаг үед энэ удаагийн намрын чуулган эхэлж байгааг онцлоод, дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд байгаа энэхүү “тектоник шилжилт” нь бидний өнгөрсөн 30 жилийн алдаа, эмзэг байдалтай нийлж, тээвэр логистикийн хүндрэл, валютын хомсдол, гадаад өрийн дарамт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд хүнд цохилт өгч байгааг тодотгов. 

700

Мөн тэрбээр, цар тахал, дэлхий дахины хурцадмал нөхцөл байдал, үүнээс улбаатай тээвэр, эдийн засгийн хүндрэл сүүлийн 40 гаруй жилд болоогүй үнийн өсөлтийг бий болголоо. Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сул байгаа бөгөөд инфляц улсын хэмжээнд сүүлийн арван сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн бодит орлого, цалин буурч байна. Үүн дээр төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний найман сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байгааг тэмдэглээд өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 11 аймагт өвлийг өнтэй давах “Хамжихгүй бол амжихгүй” бүх нийтийн аян өрнүүлэхийг уриаллаа.

700

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын таван цогц арга хэмжээ, бүтцийн суурь шинэчлэлийн таван зорилтыг дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ энэхүү цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсад үүсээд байгаа эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг бид амжилттай даван туулах бололцоотой. Ингэснээр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл сайжирч, үнийн өсөлт хязгаарлагдаж, валютын ханш тогтворжиж, банкны зээл, санхүүгийн харилцаа хэвийн болж, иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэх суурь бүрдэнэ гэдгийг мэдэгдэв.

700

Хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засаг руу, Олборлолтоос боловсруулалт руу, Импортлогч улсаас экспортлогч улс руу, Халамжаас хөдөлмөрт, Бүтээлч эдийн засаг гэсэн мөрийн хөтөлбөрийн  таван зорилт таван реформыг цогц бодлого болон нэгтгэж Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан эрчимжүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон.

700

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, хүн төрөлхтөнд “Хүйтэн дайн”-аас хойших хамгийн аюултай эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа энэ цаг үед, төрийн түшээд, улс төрийн нам хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд Үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлаа эрхэмлэн дээдэлж, нам, улс төрийн талцал хуваагдал, хийрхлийг хойш тавин, Монгол Улс гадаад харилцаандаа нэг цонхны бодлогыг тууштай баримтлах ёстойг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ төрдөө тангараг өргөж, түмэндээ үйлчлэх ёстой төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, санхүүгийн үрэлгэн байдалд нэр холбогдох нь нийгмийн бухимдлыг өдөөх томоохон хүчин зүйл болж байгааг ухамсарлаж, төрийн түшээд, алба хаагчид өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, эрхэлсэн ажил, албандаа сэтгэл зүтгэл гарган ажиллах ёстойг анхаарууллаа.

УИХ-ын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр намрын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.52.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.