Шадар сайд С.Амарсайхан: Стандарт бол улс орны хөгжлийн үндэс учраас Засгийн газар энэ салбарын шинэчлэлд анхаарч байна
Үйл явдал
/
2022-10-06
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа.

Шадар сайд С.Амарсайхан "Стандартын байгууллага зөвхөн стандарт батлаад, эсвэл батлуулахыг хүлээгээд суудаг биш, хаана ямар стандарт шаардлагатай байна, түүнийг боловсруулах, батлуулах, мөрдүүлж хэвшүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, улмаар хяналт тавих учиртай гол байгууллага. Энэ зарчим хэдийнэ алдагдсан.


Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд холбогдох стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг тусгаж өгөөгүйгээс төрийн худалдан авалт чанаргүй болж, олон талын шүүмжлэл дагуулдаг. Иймд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт стандарт, техникийн зохицуулалтыг заавал тусгах зохицуулалтыг бий болгохоос энэ салбарын шинэчлэл эхэлнэ.
“Төрийн байгууллагын тогтолцоо, бодлого, шийдвэрээс эхлээд ард иргэд, ААН-үүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой бүхий л салбарт стандарт хамааралтай. Улс орны хөгжлийн үндэс нь стандарт, стандарт гэдэг бол улс орны хөгжлийн гол шалгуур, Үндэсний аюулгүй байдлын нэгэн баталгаа, Хүн амын амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь нь учраас Засийн газар стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарал хандуулж буй” хэмээн онцолж хэллээ.

700
Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулийн чиг үүргийн дагуу иргэнээ эрүүл аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Үүний гол үндэс суурь нь Стандарт. Гэтэл бүх салбарт, бүх шатандаа хямд үнийн стандарт байдаг учраас чанар ярих боломжгүй болсон. Хамгийн энгийн жишээ дурдахад Олон улсын стандартад нийцсэн эмийн чанар, Монгол Улсад худалдаалж байгаа эмийн чанарыг харьцуулахад л ямар өөр байгааг харж болно. Тиймээс стандартыг шинэчлэх, Олон улсын стандартад нийцүүлэх зайлшгүй шаардлага байгаа тул энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна” гэсэн юм.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн “2022 оны стандартчиллын ажлын төлөвлөгөөнд төрийн 11 байгууллагын 107 стандартыг батлуулахаар тусгасан. Үүний 644 нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг заавал баталгаажуулалтад хамруулахаар заасан ч одоогоор 344 буюу 53.4 хувийг баталгаажуулаад байна” гэж танилцуулгадаа хэлэв.


Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 235 дугаар тогтоолоор хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбоотой шинээр болон шинэчлэн батлах 18 техникийн зохицуулалтын жагсаалтыг баталсан.


Гэтэл өнөөдрийн байдлаар эцэслэн батлагдаагүй 12 техникийн зохицуулалт, 2022 оны төлөвлөгөөнд тусгасан нийт 55 стандартаас боловсруулан батлуулаагүй 25 стандарт байгааг 2022 онд багтаан боловсруулж батлуулахыг БХБЯ, ЭХЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ, ХНХЯ, ЗТХЯ, БШУЯ болон Стандарт хэмжил зүйн газар, нийслэлийн ИТХ-ын удирдлагуудад үүрэг болголоо.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.21.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.