Хэлэлцүүлэг УИХ-ын гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг Очир, хүүхдийн мөнгө авахгүй болж буй хүн амын есөн хувийг хэрхэн тогтоож буйг тодруулсан.
Сангийн сайд Б.Жавхлан, Хүүхдийн мөнгө олгох ажил халамжийн бодлогын хүрээнд явагдаж ирсэн. Цаашдаа зорилтот бүлгүүдэд тэр мөнгийг олгох бодлого барьж явна. Ковидын хүнд үед Хүүхдийн мөнгө өрхийн орлогыг дэмжих том зорилгоо биелүүлсэн. Тиймээс өндөр орлоготой хэсэгт олгохоос татгалзаж, зорилтот бүлэг рүү чиглүүлэх бодлогыг барьж байгаа. 91 хувь гэдгийг хэрхэн тогтоосныг тодруулья. Үндэсний статистикийн хорооноос улирал бүр товхимол гаргадаг. Үүнээс харахад Улаанбаатар хотод өрхийн дундаж орлого 1.9 сая төгрөг, хөдөө, орон нутагт 1.5 сая төгрөг байгаа. Дунджаар авч үзвэл өрхийн орлого нэг сая 750 мянган төгрөг байна. Үүнийг өндөр орлоготой хэсэг рүү дөхүүлээд хоёр дахин өсгөвөл 3.5-3.7 сая төгрөг болно. Ингээд тооцохоор 91 хувь нь өндөр орлоготой гэдэгт багтахгүй байгаа бөгөөд тэрхүү 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор төсөвт тусгаад байгаа.
Гэхдээ ирэх оны 01 дүгээр сарын нэгний өдрийг хүртэл өрхийн орлогыг тооцдог төрийн сангийн мэдээллээ нягталж, бүртгэл, тооллогоо сайжруулахаар төлөвлөж байна. Тун удахгүй ажлын хэсэг байгуулагдана гэсэн хариултыг өгсөн.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийг дэмжих сангаас олгох мөнгийг ямар шалгуураар хуваарилж байгааг тодруулсан. Мөн тэрбээр, Аймагт ажиллаж байгаа Сангийн яамны харьяа төрийн сангийн мэргэжилтнүүд ТЗ-7 шатлалаар цалинждаг. Бусад нь ТЗ-5-аар цалинждаг. Суманд болохоор босоо тогтолцоотой байгууллагын ажилтан ТЗ-5-аар цалинжаад хамаг ажлыг нь хийдэг, амралтын өдөргүй ажилладаг хүмүүс нь ТЗ-3-аар цалинжиж байна. Төрийн албан хаагчдын цалингийн энэ шатлалыг хэрхэн ойлгох вэ гэж лавласан.
Сангийн сайд Б.Жавхлан Цалингийн хувьд тогтолцооны томоохон шинэчлэл хийж байгаа. Хоёр салбарт хийгээд эхэлчихсэн. Ирэх жил орон нутаг руу чиглэсэн цалингийн тогтолцооны шинэчлэл явагдана. Таны сая хэлсэн тэр зэрэглэл шатлал байхгүй болно. Бид одоо 165 ялгаатай цалингийн системтэй. Үүнийг ердөө 20 болгох юм. Шатлал байхгүй цалингийн нэг суурь системтэй, тэр нь бүгд 1-5 өгсөх зэрэглэлтэй болоод явна. Энэ бол том шинэчлэл. Орон нутгийн төсвийн дэмжлэг орон нутгийн хөгжлийн сангаасаа ялгаатай. Орон нутгийн хөгжлийн сангаас олгох мөнгө хүн амынхаа тооноос шууд томьёогоор бодогддог, бол орон нутагт олгох дэмжлэг төсвийн орлого, зарлагынхаа зөрүүнээс бодогддог. Нийт зургаан аймаг, нийслэл гэсэн орон нутгийн долоон төсөв улсад орлого төвлөрүүлдэг, бусад нь бүгд дэмжлэг, татаас авч ирсэн. Бид хуулийн өөрчлөлт хийж, шинэ томьёоллоо мөрдөж байгаа гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүд төсвийн алдагдал, валютын ханш, түүний хомстол, инфляцийн өсөлтийн талаар асууж, байр сууриа илэрхийлж байлаа. Инфляц өсч буй үед төсвийн хатуу бодлого явуулах ёстой. Импортыг ам.доллараас өөр хэлбэрээр явуулахаар яриа хэлэлцээр хийж байгаа эсэхийг тодруулж байлаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хариулснаар, ирэх онд сая гаруй тонн шатахуун импортлох төлөвтэй байгаа бөгөөд үүнд нийт 1.8 тэрбум ам.долларыг зарцуулах аж. Худалдаагаа рублиэр хийвэл дээр гэсэн яриа байгаа ч үнэндээ том ялгаа байхгүй. Монголбанк свот хэлцэл хийж байгаа гэлээ.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа вэ гэсэн УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Ипотикийн зээлийн төлөлтийг үргэлжлүүлэн хойшлуулах нь иргэдэд их эрсдэлтэй. Ер нь төлбөрийг хүчингүй болгох бус хойшлуулах сонголтыг өгч буй. Иргэд ипотекийн зээлийн төлбөрөө төлөөд явж болно, хойшлуулж болно. Гэхдээ хойшлуулах тусам иргэдэд ирэх эрсдэл нь нэмэгдэнэ. Энэ асуудлыг хөндвөл “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хэрэгжих хугацааг сунгах асуудал давхар яригдана. Бидэнд хугацаа байна, асуудлыг дахин ярилцана гэсэн хариулт өгсөн.
Хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
16 цаг 27 мин
-
20 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
16 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин