“Тогтвортой хөгжлийн зорилго-Эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт V дугаар зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Үйл явдал
/
2022-10-08
“Тогтвортой хөгжлийн зорилго-Эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт V дугаар зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга П.Анужин, НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч Л.Оюун болон бусад албаныхан оролцсон юм. Тус зөвлөгөөнийг ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ын ХАС хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  зөвлөгөөн танхим болон цахим хэлбэрээр үргэлжилж байна.


700


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Аливаа Улс орны хүн амын эрүүл мэндийн байдал төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшинг тодорхойлох гол үзүүлэлт нь ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД билээ. 
Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа энэ үед ч хүн амын эрүүл мэнд, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг аль болох нэмэгдүүлэх, донор байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, зорилтот хөтөлбөрүүдийн уялдааг хангах, үр дүнг сайжруулах бодлогыг барьж байна.
Үүний тод жишээ нь улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилт 2021 онд 54,4 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 115,7 тэрбум төгрөгийн болгон нэмэгдүүлж, ЭНЭҮТ-ийг шинээр байгуулж, ЭХЭМҮТ-ийн өргөтгөл, Хүрээ амаржих газрын барилга гэх мэт томоохон хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэж байгаа билээ.
Мөн “Эх, хүүхдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний дөрвөн жилийн төлөвлөгөөгөө батлаад байна. Цаашид ЭМЯ-аас эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулах хөгжлийн богино хугацааны бодлогын баримт бичиг гаргах, нэн шаардлагатай өндөр үр дүнтэй үйл ажиллагаагаа тодорхойлж ажиллах болно. Зөвлөгөөний үр дүнд эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулахад чиглэсэн бодитой санал санаачилга гарна гэж итгэж байна.” хэмээлээ.
 

700

Зөвлөгөөнд ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд болон НҮБХАС, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагууд,  ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II, ЭМХТ, НЭМҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн удирдлага, эх барих, эмэгтэйчүүд, өрх, сум, нарийн мэргэжлийн  эмч нар, засаг захиргаа, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нийт 250 орчим хүн танхим болон цахимаар оролцож,  эх, нярайн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх зүйн чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн баримталж буй бодлого, эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн дэлхийн чиг хандлага гэх мэт нийт 30 орчим хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.


700

700

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.205.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.