- Канад Улсын Парламентын Сенатын танхимын даргын айлчлал маргааш эхэлнэ. Айлчлалын хөтөлбөрийн талаар танилцуулна уу?
-Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри маргаашнаас Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой асуудлаар албан ёсны яриа хэлэлцээ хийнэ. Мөн Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд Сенатын танхимын даргад бараалхана. Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри дагалдан яваа төлөөлөгчдийн хамт “Оюу Толгой” уурхай, малчин айлд зочилно.
- Айлчлалын үеэр УИХ-ын дарга, Канадын талтай албан ёсны хэлэлцээ хийх юм байна. Ямар чиглэлүүдээр ярилцах бол?
-Монгол Улс Канад Улстай хөгжүүлж ирсэн харилцаандаа “гуравдагч хөрш”-ийн бодлогоор өндөр ач холбогдол өгч, өргөн хүрээтэй түншлэлийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн. Монгол Улсад 2010-2020 онд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтыг улсаар нь ангилж үзэхэд Канад Улс 7.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, манай орны тэргүүлэгч хөрөнгө оруулагч орон болсон. Манай улсад орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 28%-ийг Канадын хөрөнгө оруулалт эзэлж байна. Тэгэхээр “Өргөн хүрээтэй түншлэлийн харилцаа”-г шинэ шатанд гаргах, илүү олон салбарт хамтран ажиллах боломжийг нээсэн яриа хэлэлцээ болох болов уу.
- Өмнө нь Канадын Парламентын дарга Монгол Улсад айлчилж байсан уу? Манай талаас уул уурхайн сайд нар голдуу айлчилсан байдаг. Ер нь хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний ямар айлчлалууд хийгдэж байсан юм бол?
- Манай хоёр орны хооронд 1973 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. 2001 онд Монгол Улс Оттава хотод Элчин сайдын яамаа нээсэн. Харилцаа, хамтын ажиллагааны хувьд 1990-ээд оноос идэвхижиж, 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн Канад Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагаагаа “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хөгжүүлэхээр тохиролцсон. Ингээд манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр идэвхтэй хөгжиж ирсэн. Канадын талын өндөр дээд хэмжээний айлчлалын хувьд гэвэл Канадын Амбан захирагч Дэвид Жонстон 2013 онд, Парламентын Нийтийн танхимын дарга Жеофф Реган 2016 онд манайд айлчлал хийж байсныг дурдаж болно.
- Энэ удаагийн айлчлал нь агуулгын хувьд ямар ач холбогдолтой вэ? Ямар үр дүн хүлээж байна?
- Айлчлалаас хүлээж буй хамгийн гол үр дүн бол өнөөдрийн харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан иж бүрэн түншлэлийн харилцаанд хүргэх явдал. Канад Улс бол манай улсад ардчиллыг бэхжүүлэх үйл явцыг тууштай дэмжиж, тусалж ирсэн орны нэг. Бид зорилтдоо хүрэхийн тулд улс төрийн хүрээнд нягт нямбай ярилцаж, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байна.
-
15 цаг 1 мин
-
17 цаг 42 мин
-
19 цаг 2 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
15 цаг 1 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин