А.БАТСАЙХАН: Удирдах албан тушаалтны гол түшиг тулгуур нь хамт олон байдаг
Үйл явдал
/
2022-10-12
Сонгинохайрхан дүүргийн түүхт 30 жилийн ой 2022 оны аравдугаар сард тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл 28 жил албан үүрэг гүйцэтгэж байгаа Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга А.Батсайхантай ярилцлаа.
 
 
700
 
Тэрбээр 1989 онд Москва хотод Тимирязевийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд “Соёл” нэгдлийн эдийн засагчаар ажиллаж байгаад 1993 онд Улаанбаатар хотод суурьшин, 1994 оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Эдийн Засаг нийгмийн хэлтэст эдийн засагчаар томилогдон ажиллаж эхэлснээр түүний амьдрал Сонгинохайрхан дүүрэгтэй холбогдсон түүх эхэлжээ.
 
700
 
Энэ өдрийн мэнд хүргэе. Та хамгийн их хүн ам оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн өнгөрсөн ба өнөөгийн өнгө төрх ЗДТГ-ын үйл ажиллагаатай хэрхэн уялдан өөрчлөгдсөн гэж хардаг вэ?
-Баярлалаа. Намайг анх ажилд орж байх үед Сонгинохайрхан дүүрэг засаг захиргааны 20 хороотой, 100 гаруй мянган хүн амтай цомхон байсан бол өдгөө 43 хороонд 341 мянга гаруй хүн ам оршин суудаг Нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг болжээ. Үүний зэрэгцээ төрийн байгууллагын үйл ажиллагааны хүртээмж нэмэгдэж, төрийн албан хаагчид иргэдэд хэрэгтэй үйлчилгээ бүрийг бүх түвшинд хүргэхээр хичээн ажиллаж байна. Тухайлбал, Тамгын газрын энэ байранд анх дүүргийн дотоод болон дэргэдэх гол хэлтэс, албад бүгд нэг дор байрладаг байсан. Дүүргийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр ЗДТГ-ын чиг үүрэг бүтэц орон тоо нэмэгдэн харьяа хэлтсүүд маань гадуур байр түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг байлаа. Харин одоо Нутгийн захиргааны ордон ашиглалтад орсноор дэргэдэх бүх хэлтэс, албад нэг дороос уялдаа холбоогоо илүү сайжруулан ажиллаж байна.
 
Та өнгөрсөн 28 жилийн хугацаанд мэргэжилтнээс эхлээд өдийг хүртэл хариуцан ажиллаж байсан үүрэгт ажлуудаасаа хуваалцвал?
 
-Би 1994 онд энэ байгууллагат эдийн засагч мэргэжлээр ажилд орж байсан. Ажиллаж байх хугацаандаа буюу 1996 онд Удирдлагын академид гурван сарын хугацаатай удирдлагын институтэд суралцсан юм. Тэгтэл удирдлагууд намайг мэргэжил дээшлүүлсэн учраас Төрийн захиргааны хэлтсийн дотоод ажил, хуулийн асуудал, хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр томиллоо. Энэ шинэ ажил маань бичиг, цаасны ажил ихтэй учраас барагддаггүй байв. Тамгын газрын бүх төлөвлөгөөт тайлан, хуулийн байгууллагатай хамтарсан төлөвлөгөө боловсруулах, байгууллагын хүний нөөц гээд ажил их. Тухайн үед би тоо, эдийн засгийн суурь боловсролтой хүн байсан болохоор энэ ажилдаа бага зэрэг дургүй байлаа. /Инээв/Мөн 2004 онд Төрийн захиргааны хэлтэст одоогийнхоор бол “IT” тухайн үедээ компьютер засдаг хүн болж үзлээ. Дараа нь тус хэлтэстээ тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан ажилтан боллоо тэгээд болоогүй давхар хоёр ажил хийсэн. Тухайн үед их хурлаас нэг төсөл хэрэгжин УИХ-ын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах төв гэж байгуулсан тэр төвийг хариуцан иргэдэд хууль, зүйн болон УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах болсон. Удаагүй байтал цэргийн хэлтсийн нууцын эрхлэгч гэдэг давхар ажлыг мөн хийж байлаа. Энэ ажил маань тодорхой нэмэгдэл цалинтай байсан. Тэгээд 2012 онд миний одоо удирдлагаар ажиллаж байсан энэ хэлтэс байгуулагдсан. Анх Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс гэдэг нэртэй байсан юм. Хэлтэстээ ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны есдүгээр сард хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэн ажилласан. Тэгээд 2016 оноос одоог хүртэл зургаан жил энэ хэлтсийнхээ даргаар ажиллаж байна.
?Та 2-3 хүний ажлыг зэрэг хашдаг байжээ тухайн үед хүний нөөц дутмаг байсантай холбоотой юу эсвэл тухайн ажилтны ур чадвар, нөөцөд тулгуурлан ийм үүрэг хүлээлгэдэг байсан уу?
-Нэгдүгээрт, хүний нөөцийн орон тоо бага байсан. Хоёрдугаарт, намайг удирдлагын академид гурван сар суралцаж, ирсний дараа мэргэжил дээшлүүлсэн гэж үзэн 2-3 хүний гүйцэтгэх хариуцлагатай ажлыг хариуцуулсан гэж боддог.
700
 
Таны суурь боловсрол математикийн шинжлэх ухаантай холбоотой байсан учраас оноосон үүргийг гүйцэтгэх чадамж өндөр байсан байх. Тийм үү?
-Миний аав математикийн багш, сургуулийн захирал хүн байсан. Тиймээс би багаасаа математикийн хичээлээр гүнзгийрүүлэн суралцсан учраас эдийн засаг, тоотой ойр байсан. Ийм хүмүүс бодож, сэтгэхдээ сайн. Харин тэрийгээ бусад хүмүүст илэрхийлэхдээ тааруу байдаг.
Таны хувьд ажлын туршлага гэж юу вэ?
-Туршлага бол амьдралаас олж авдаг алдаа, оноо, үнэ цэнэ, ур чадвар. Туршлага хүн бүрд зайлшгүй байх шаардлагатай бөгөөд тухайн хүн хариуцсан ажлаа гартаа оруулж, сайн хийдэг болсноор өөрийнхөө хэмжээнд туршлага хуримтлуулж байна гэсэн үг. Залуучууд өндөр боловсрол эзэмшин, сайхан сургууль төгсөөд ирсэн ч туршлагагүй байгаа нь нэг зүйл дутуу байгаа мэт мэдэгддэг. Мэргэжил, туршлага хоёр нэгдэн байж ажил сайн явдаг. Хүн туршлагатай болохын тулд цаг хугацаа зайлшгүй шаардлагатай.
 
Таны одоогийн албан үүргийн онцлог юу вэ. Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн үйл ажиллагааны үндсэн зорилго юу вэ?
-ЗДТГ-ын үйл ажиллагааны гол зорилго нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр гэж явдаг. Мөн Засгийн газар дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааг батлан, хэрэгжүүлдэг. Бид нарын үүрэг бол дөрвөн жилийн хугацаатай дүүргийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг төлөвлөж, ИТХ-аар батлуулж, явцад нь биелэлтийг тооцож хяналт тавьж холбогдох удирдлагуудад тайлагнадаг чиг үүрэгтэй хэлтэс юм. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтыг төлөвлөнө. Мөн дүүргийн өнөөгийн ба хойчийн ирээдүйн хөгжил, автозам, сургууль, цэцэрлэг, соёлын ордон зэрэг томоохон бүтээн байгуулалтууд яг хаана, хэрэгтэй бэ гэх ойрын болон хэтийн төлөвийг тодорхойлдог.
2021-2022 онд Сонгинохайрхан дүүрэгт Улс, Нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын маш олон ажлуудыг гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хөрөнгө оруулалтын ажлууд эрчимтэй хийгдэж байгаа нь харагдаж байгаа. Та үүнтэй санал нэг байна уу?
 
-Тэгэлгүй яахав. Учир нь 2016-2020, 2020-2022 онуудад манайхаас УИХ, Нийслэлд ихэвчлэн дүүрэгтээ ажиллаж амьдарч байсан болон дүүргийн тулгамдсан асуудлыг сайн мэддэг төлөөлөгчид сонгогдсон. Сонгинохайрхан дүүргийн хаана, юу дутагдаж байна. Цаашид хаана юу хэрэгтэй байгааг ямар зорилго, төлөвлөлт тавих вэ гэдгээ сайн мэддэг учраас хөрөнгө оруулалтыг урьд жилүүдийнхээс 2-3 дахин илүү Улс, нийслэлийн төсөвт суулгаж чадсан юм. Сүүлийн үеийн зарим ажлуудаас дурдвал 35-р хороонд усан бассейн барьж байна. Одоогийн байдлаар нэг давхрын барилгын ажил дууссан. Мөн өөрөө харж байгаа байх сургууль, цэцэрлэгүүд олноор нэмэгдсэн. Мөн Толгойт хөгжлийн төв энэ өвөл ашиглалтад орох гэж байна. Бид анх дөрвөн бүсэд хөгжлийн төв байгуулахаар төлөвлөсөн тухайлбал, гарааш чөлөөлсөн талбайд Өнөр хөгжлийн төвийг байгуулахаар ажиллаж байна. Бусад төвүүдийг байгуулах төлөвлөгөө ч бэлэн болсон байгаа. Энэхүү дэд төвүүдийг түшиглэн олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Жишээ нь , Баянхошуунд тавигдсан авто замуудыг харж болно. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт их нэмэгдсэн. Сонгинохайрхан дүүрэг хотын төвийн бусад дүүрэгтэй харьцуулахад хөгжлийн хувьд маш их хоцрогдолтой байсан. Одоо энэ бүтээн байгуулалтуудаа бүгдийг нь бүрэн хүлээж авбал удахгүй зэрэгцэн очих, дөхөж байна. Хоцрогдлоо нөхөж байгаа гэсэн үг. Одоо ирээдүй гэрэлтэй сайхан харагдаж байна.
 
Таны 28 жил ажилласан байгууллагын тухай буюу Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын талаар ярилцъя. Танай байгууллагын соёл, эрхэм зорилго, хүний нөөц, манлайллыг та хэрхэн тодорхойлох вэ?
-ЗДТГ бол Засаг даргын ажлын аппарат. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэргэдэх байгууллагуудаа удирдан чиглүүлж бодлогоор ханган ажилладаг. Манай Тамгын газар 2022 онд чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн бөгөөд миний хувьд үүнийг маш том ололт, амжилт гэж харж байна. Мөн байгууллагын соёлд дарга, мэргэжилтэн, иргэд хоорондын харилцаа хамгийн чухал. Манай байгууллагын гол үйл ажиллагаа бол иргэдэд үйлчлэх шүү дээ. Тиймээс иргэдтэй зөв боловсон харилцаж, үнэн зөв үйлчилгээ, мэдээллээр хангах хэрэгтэй. Сүүлийн үед төрийн албан хаагчдын хүний нөөц залуужиж буй мэт харагддаг боловч залуучууд тогтмол суурьшилтай ажиллах нь бага болсон байна. Төрийн албаны цалингаас болдог юм уу эсвэл өөр ямар шалтгаан байдаг ч байж болно. Тэгэхдээ арга ч үгүй байх. Залуу хүн амьдралаа бодохын тулд өндөр цалин мөнгө хэрэгтэй. Тиймээс залуучууд цалин өндөр газар руу шилжих нь түгээмэл болсон байх. Тийм учраас миний хувьд хамт олон яг тогтвор суурьшилтай бүрдэж чадахгүй байна гэж хардаг
Та энэ байгууллагат хамгийн удаан ажилласан хүний хувьд залууст сургах зарим тохиолдолд харилцан суралцах үе байдаг болов уу. Энэ талаар яривал?
-Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын хэмжээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах нийгмийн бодлогоор хангах хөтөлбөр хэрэгждэг. Үүнд залуу боловсон хүчнийг дадлагажуулах, дасан зохицуулах гэсэн тодорхой заалтууд байгаа. Би бодохдоо миний мэддэг, чаддаг зүйлсийг шууд удирдлага доор ажилладаг манай хэлтсийн залуучууд аваасай гэж хэлэхгүй ч гэсэн үйлдлээрээ байнга мэдрүүлэхийг хичээдэг. Тэдэнд хэрэгтэй шүү дээ. Туршлагаа өгөхийг л хичээж байна. Эргээд залуус маань тодорхой хэмжээний туршлага хуримтлуулан, шат ахих болно. Залуучуудаас авах юм их бий. Орчин үеийн цахим хэрэглээ гээд л. Манай төрийн алба бүгд цахим бодлого руу шилжиж байна. Энэ тал дээр манай залуучууд бид нараас мэдлэг сайтай шүү. Тэр чадвараас нь сурч мэдэх зүйл их бий.
 
Нэг байгууллагат тогтвор суурьшилтай удаан ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?
-Хамгийн сайхан нь би энэ байшиндаа 28 жил амьдарлаа. Энэ байр бол барилгын цэргийн ангийн 022 дугаар ангийн цэргийн казарм байр байсан. Цагдаагийн байр гал тогоо нь байсан бололтой, цэргүүд амьдардаг байсан юм билээ. Энэ байшинд өдрийн 8 цагийг өнгөрүүлдэг гээд тооцоод байвал хэдэн жил ч амьдарсан юм билээ. Үүдээр ороод ирнэ энэ байшин, хамт олон. Цонхоор харна дандаа таньдаг орчин үзэгдэнэ, их сайхан. Ажиллаж байх явцад надад хэд, хэдэн өөр ажлын байрны санал ирж байсан. Тэгэхдээ би орхиод явж чаддаггүй юм. Дутагдалтай тал ч гэх юм уу. Дассан газраасаа холдох дургүй. Нэг талын давуу тал ч юм шиг эсвэл дутагдал ч юм шиг. Дассан газартаа ажиллах сайхан.
 
Та хэр зарчимч хүн бэ?
-Би бол зарчимгүй хүн биш ээ. Хариуцсан ажлаа хийнэ. Илүү дутуу үйлдэл гаргаж, хууль бус зүйл хийхгүй. Төрөө дээдлэн, төрийнхөө төлөө явдаг хүн. Төрийн албаны зарчим бол хуулийг дээдлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг сахих гэсэн үндсэн зүйлс байна.
 
Та хэзээнээс спортоор хичээллэж эхэлсэн бэ. Спортын ямар төрлөөр түлхүү хичээллэн, амжилт үзүүлсэн бэ. Гаргасан амжилтуудаасаа дурдвал?
-Би хүүхэд байхдаа теннис, шатар, тэшүүр, сагсанбөмбөг, гарбөмбөг гээд спортын төрөл бүрийг сонирхон, хичээллэдэг байсан. Намайг тухайн үед дүүрэгт ажилд орж байхад ихэвчлэн настай хүмүүс байсан учраас хамт олноороо зааланд тоглодоггүй байсан. Тэгээд энд тэндхийн сургууль хэсэж биеийн тамирын багш нартай их тоглодог байлаа. Сүүлийн жилүүдэд дүүргийн цэргийн штаб, дэргэдэх байгууллагууд болон НЗДТГ-ын албан хаагчдын дунд зохион байгуулагддаг тэмцээнүүдэд оролцон гарбөмбөг, теннис, шатрын төрлөөр амжилт үзүүлэн 40-50 медаль хүртсэн. Одоо нас яваад гүйж, харайх багассан болохоор дартсын спортоор голлон хичээллэж байна. Тийм учраас сүүлийн үеийн спортын амжилтууд дартстай холбоотой. Саяхан Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгуулагдсан тэмцээнд дартсын төрөлд таван хүний бүрэлдэхүүнтэй багаараа 1-р байр эзэллээ.. Дартс шидэх нь анхаарал төвлөрөлт, нүдний хараа, тэсвэр тэвчээрт сайжруулахад тустай байдаг. Мөн спортоор хичээллэснээр найз нөхдийн хүрээ нэмэгдэж цаашлаад биемахбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд сайжирч, ажлын бүтээмж нэмэгддэг мэт санагддаг.
?Та байгууллагын зорилтыг биелүүлэхийн тулд хамтран ажиллаж байгаа хэлтсийнхээ залуучуудынхаа тухай хуваалцаач?
-Манай хэлтэс одоохондоо гурвуулаа үлдээд байна. Одоо бол манай хэлтсийн Ө.Норовдэмид, Д.Мөнгөндалай хоёр миний баруун, зүүн гар шүү дээ. Би Д.Мөнгөндалайг хороонд ажилладаг байхад нь санал тавьж авчирч байсан. Сүүлд манай хүнд Нийслэлээс ажлын санал 2-3 удаа ирсэн юм билээ. Өөрөө надад энэ учрыг тайлбарлан хэлсэн. Тэр үед нь би “Миний өрөөсөн гар алга болчихвол би ямар байх уу, чи өөрөө мэдээрэй” гэж хэлсэн дээ. /Инээв/ Энэ хоёр байхгүй бол миний ажил урагшлахгүй. Удирдах албан тушаалтны гол түшиг тулгуур нь тухайн хэлтэс,алба, тасгийн хамт олон. Хамт олон байснаар л бид бүгдийн ажил урагшилж байгаа. Тиймээс эднийгээ өдөр тутмын ажлаар ханган, зөв удирдан, чиглүүлж чадвал манай хэлтэс цаашлаад Тамгын газрын ажил сайн явна шүү дээ.
 
700
Ажил үйлс бүтэмжтэй байхад хамт олноос гадна танай гэр бүлийнхний оролцоо ч мөн хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг болов уу. Та үүнтэй санал нийлж байгаа байх?
-Ажлаа сайн хийхэд мэдлэг боловсрол, дадлага туршлагаас гадна хамт олны таатай уур амьсгал хэрэгтэй. Мөн хамгийн чухал нь миний гэр бүл. Гэр бүл амгалан тайван, ар тал минь найдвартай бат, бөх байж чадсанаар ямар ч хүн ажил, хөдөлмөрөө сайн гүйцэтгэнэ. Хэрвээ гэр бүлд нь ямар нэгэн доголдол үүсвэл сэтгэл санаагаар унаж, ажлын бүтээмж буурна шүү дээ. Би нэг хүү, хоёр охинтой. Хүү маань тусдаа гарсан. Харин нэг охин маань удахгүй өрх тусгаарлах гэж байна. Хамгийн бага нь хэнз гэх юм уу даа 2007 онд төрсөн. Миний бага охин 5 настайдаа сургуульд орсон одоо 11-р ангид сурдаг. Охин минь их өндөр удахгүй надаас өндөр болох гээд л байна. Би чинь гэртээ их ажилсаг хүн шүү дээ. Энэ миний ажил тэр эхнэрийн ажил гэж ялгадаггүй. Хэн гэртээ байгаа нь хоолоо хийж, хувцсаа угаана. Хогоо ч шүүрдэнэ. Би эрэгтэй хүн гээд тэрийг ч хийж болохгүй, энийг ч хийнэ гэдэгтээ санал нийлдэггүй. Зарим танилууд маань социализмын үеийн хүн байж гэрийн ажил хийдэг юм уу гэж асууна. Миний хувьд гэр бүл хамгийн чухал. Ар гэрийн амьдрал амгалан тайван байхгүй бол хэцүү дээ, дүү минь. Гурван сайхан хүүхэд төрүүлж, хүмүүжүүлж өгсөн эхнэртээ маш их баярлаж явдаг. Би эрүүл саруул, амгалан тайван ажлаа, бүтээмжтэй хийгээд амьдарч байгаа минь миний ханьтай олон талаар холбоотой гэж бодож явдаг.
Таны гэр бүлд хорвоогийн баяр, жаргал сайхан бүхнийг хүсье. Та энэхүү ярилцлагыг өндөрлүүлж Сонгинохайрхан дүүргийн 30 жилийг тохиолдуулан дүүргийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе, үеийн хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?
 
-Миний бие Сонгинохайрхан дүүргийн 5, 10, 15, 25 жилийн ойн баяруудыг тэмдэглэн өнгөрүүлж байсан бол энэ онд түүхт 30 жилийн ойг мөн угтаж байгаадаа баяртай байна. Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн шат бүхэнд хамтдаа байсан үе, үеийн удирдлагууд болон анд нөхдөдөө эрүүл энх байж, урт насалж удаан жаргахын ерөөл өргөж, залуучууддаа ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.105.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.