ЭЗБХ: ДАМПУУРЛЫН ТУХАЙ хуулийн төслийн хэлэлцэх эсхийг дэмжив
Үйл явдал
/
2022-10-13

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.10.11) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 14 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэв.

Ажлын хэсэг байгуулж, Хянан шалгах түр хорооны хугацааг сунгахыг дэмжив

  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд, О.Цогтгэрэл, Ч.Ундрам нар ажиллана.  Дараа нь “Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Улсын Их Хурлын гишүүн, тус Түр хорооны дарга Ж.Сүхбаатарын санал болон тогтоолын төслийн талаар танилцуулсан юм.

Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан юм. Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны явцад Хянан шалгагч нарыг томилж, ажлын даалгаврыг баталсан бөгөөд холбогдох байгууллагуудаас шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авч байгаа аж. Энэ хүрээнд шинжээч томилон ажиллуулах, улмаар Хөгжлийн банкны асуудлаар бүхэлд нь хянан шалгахад хугацаа шаардлагатай тул Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах хүсэлт гаргасан байна. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 6 сарын хугацаагаар сунгахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Улсын Их Хурлын тогтоолын дээрх төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь дэмжин, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Дампуурлын тухай хуулийг 1997 онд баталсан бөгөөд 25 дахь жилдээ зарчмын шинжтэй бие даасан өөрчлөлт ороогүй хэрэгжиж байгаа юм.  Уг хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх явцад практикт зарим хүндрэл гарч байгаагийн зэрэгцээ хуулийг төлбөрийн чадваргүйдлийн харилцааны олон улсын чиг хандлагад нийцүүлэн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг  томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.

 

    Харин банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллага болон төрийн байгууллага, албан газар, шашны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн, мэргэшсэн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлээс гүйцэтгэх боломжгүй, төрөөс нийтийн хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагатай салбарт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой нарийвчилсан харилцааг тус тусын салбарын хуулиар зохицуулна гэдгийг Х.Нямбаатар сайд танилцуулав.

    Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал буюу төлбөрийн үүргээ ерөнхийд нь зогсоох болон балансын аргын аль нэг аргачлалаар тооцохоор төсөлд тусгажээ.

    Бодит байдал дээр төлбөрийн чадваргүй болсон эсэх нь тодорхой бус байдлаар иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хариуцлагаа умартах явдлыг эрх зүйн арга хэрэгслээр таслан зогсоохгүй байгаа нь өрийн сүлжээ үүсгэх, шүүхийн шийдвэр гарсан төлбөр барагдахааргүй болгох, эдийн засгийн харилцаан дахь итгэлцэлийг бууруулах зэрэг сөрөг үр дагавартай байна гэж үзжээ. Тиймээс хууль, эсвэл гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ үргэлжилсэн 6 сараас дээш хугацаагаар биелүүлж чадаагүй хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцож, төлбөрийн чадваргүйдлын ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргах боломжтой болох аж.

 

    Монгол Улсын шүүхээр 2004-2021 оны хооронд буюу 18 жилийн хугацаанд жилд дунджаар 15 хэрэг, нийт 268 дампуурлын хэрэг хянан шийдвэрлэсэн байдаг байна. Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүсэлтээр үүсдэг онцгой ажиллагааны хэсгээр зохицуулагддаг. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ба ердийн  ажиллагааны аль алиных нь шинжийг агуулдаг тул дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг төсөлд нарийвчлан тусгажээ. Харин төсөлд заагаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах юм байна.

    Төслөөр төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаас гадна түүнийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх, түүнчлэн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн тул хуулийн нэрийг олон улсын жишгийн дагуу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль гэж өөрчилсөн гэв.

    Хуулийн төслийг баталснаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэлээ. Тодруулбал, бизнес эрхлэх гэж буй хуулийн этгээдийн эрсдлийг хуваарилах, шаардлагатай тохиолдолд бизнесийг дахин зохион байгуулж, хөрөнгө оруулалт хийх байдлаар бизнес эрхлэгчийг дэмжих, төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хөрөнгө оруулалтыг ямар дарааллаар гаргуулж авах зэрэг асуудлыг тодорхой болгон, оролцогч талуудын ашиг сонирхолын тэнцвэрийг хангах, сайжруулах чиглэлд төслийг шинэчлэн боловсруулсныг Х.Нямбаатар сайд төсөл санаачлагчийн илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэсэн.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, Г.Амартүвшин нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. Хууль зүй, дотоод хэргийн яам сүүлийн жилүүдэд хувийн эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр олон ажил хийж байгааг Б.Энхбаяр гишүүн тэмдэглээд, хэлэлцэж буй төслийн ач холбогдлыг тодруулан асуув. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн шинэтгэлийг үе шаттай хийхээр  төлөвлөсөн гэдгийг Х.Нямбаатар сайд хэллээ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай ерөнхий хуулийн төслийг өргөн мэдүүлнэ, ойрын хугацаанд аялал жуулчлалын салбарын эдийн засгийг дэмжсэн Морин бооцоот уралдааны тухай, Төлбөр таавар, тоглоомын тухай, Арилжааны тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх юм байна. Эдийн засгийн болон хувийн эрх зүйн шинжтэй хууль тогтоомжуудыг шинэчилснээр эдийн засгийг илүү либералчлах, өрсөлдөөнийг дэмжих, салбартай холбоотой шүүхийн үйл ажиллагааг шударга болгох зэрэг олон талын ач холбогдолтойг дурдсан. О.Цогтгэрэл гишүүн, хөрөнгөтэй ч төлбөрийн чадваргүй, бэлэн мөнгөний урсгалгүй болчихсон тохиолдолд хэрхэн зохицуулах талаар тодруулсан. Иргэд, хувь хүмүүс аливаа төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, төсөлд “үүрэг гүйцэтгэгч гэж төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийг хэлнэ” гэснийг цохож ажлын хэсгээс тайлбар, мэдээлэл авсан юм. Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлэв.

Төсөлд шүүхийн процесстой холбоотой зохицуулалт байгаа тул Хууль зүйн байнгын хороотой хамтран хэлэлцэх саналыг Б.Энхбаяр гишүүн хэлсэн бол дампуурлын процессыг нарийвчлан хуульчлах шаардлагатай гэдэг саналыг Х.Булгантуяа гишүүн илэрхийлсэн. Хэлэлцэж буй төслийн хүрээнд нэн тэргүүнд хөрөнгө оруулагчдыг хамгаалах, мөн аливаа төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй нэг хүний нэр дээрх ХХК-ий дампуурлыг олон нийтэд нээлттэй, томоохон ах ахуйн нэгжээс ялгаж тодорхойлон, зохицуулалтыг онцлогт нь тохируулах, мөн олон улсын түвшний үйл ажиллагааг дэмжсэн, хөрөнгө оруулалт хийх болон хөрөнгө оруулалтаа татахтай холбоотой тодорхой зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах нь чухал гэдгийг Ц.Цэрэнпунцаг гишүүн хэлсэн.

Төгсгөлд нь санал хураалт явуулахад Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон 12 гишүүний 58.3 хувь нь Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.99.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.