М.ШИЖИРБААТАР: “Би ахмад, дунд, залуу үеийнхэнтэй мөр зэрэгцэн ажилласнаараа бахархдаг”
Үйл явдал
/
2022-10-06
Энэхүү хөтөлбөрийн оролцогч, Эрдэнэт үйлдвэрт 32 дахь жилдээ ажиллаж буй Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн ээлжийн мастер  Мөнхөөгийн Шижирбаатартай ярилцлаа. 

-Таны төрж өссөн нутаг, төрүүлж өсгөсөн аав ээжийн тухай яриагаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Би 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. Найман хүүхэдтэй өнөр айлын зургаа дахь хүүхэд. Аав маань Цагдаагийн ажилтан, ээж сувилагч бага эмч байлаа. Би дөрвөн  эгч, нэг ах, хоёр дүүтэй.  Аав ээж минь, “ажил хүнийг голдог, хүн ажлыг голдоггүй юм. Оногдсон ажлаа хийсэн шиг хий, зөв хүн бай” гэж  сургадаг байлаа. Аав маань 1981 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтсийн даргаар томилогдож, бид гэр бүлээрээ нүүж ирснээс хойш өдгөө би 40 гаруй жил эрдэнэсийн энэ сайхан хотод амьдарч  байна даа. 

-Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа хэдийд холбов? 

-Ахлах ангид байхдаа “Эрдэнэт үйлдвэр дэлхийн 10 том үйлдвэрийн нэг гэсэн” гэх найз нарынхаа яриаг сонсоод  яагаад ч юм энд л ажиллахсан  гэж бодол сэтгэлээс  салахгүй байв. 10-р ангиа төгссөн би  энэ хүсэлдээ хөтлөгдөн 1990 онд Эрдэнэт үйлдвэрийн Орон сууц, нийтийн аж ахуйн хэсгээс хөдөлмөрийн гараагаа эхлэв. Тухайн үед би залуухан ч цэцэрлэгийн манаач хийхдээ  ичээгүй, цалин хөлсийг ч голоогүй. Гагцхүү  ажлаа сайн хийхийг л хичээж байв.  1997 оноос Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт  хавтант тэжээгүүрийн машинч, 2000 оноос тээрмийн машинч,  2020 оноос ээлжийн мастераар ажиллаж байна. Тун удахгүй гавьяаны амралтдаа гарахаар зэхэж байна даа. 

-Та төрөлх үйлдвэртээ 30 гаруй жил ажилласны ихэнхийг тээрмийн машинч хийжээ. Энэ мэргэжлийн онцлог хийгээд сайхан нь юу байв?

-Баялаг бүтээгч гэдгээрээ  онцлогтой, бас бахархмаар ажил. Хүдэр баяжуулалтын өмнөх процесс  манай  хэсэгт  явагддаг. Уулнаас Белазаар зөөж авчирсан чулуулгийг  эхний шатанд буталдаг.  Буталсан хүдрээ тээрэмд  өгч нунтагладаг.   Тээрмийн машинч хүн нунтаглалтад хараа салгахгүй  хяналт тавих үүрэгтэй.  Нунтаглалт, ангилалтын горимыг хэр баримталснаас   баяжмалын чанар шууд шалтгаална. Манайхаас очсон материал Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулах процесст орж,  тэндээс  хэрэгтэйгээ авч, хэрэггүйгээ хаягдлын аж ахуй руу хаядаг. Металлыг боломжит их хэмжээгээр авч,  хаягдлыг  бага байлгах л Баяжуулах үйлдвэрийнхний  гол зорилго. Энэ зорилгын төлөө бид бүгд хичээн ажилладаг юм. 

-Сүүлийн жилүүдэд  танай хэсэгт үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх том бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ талаар таны сэтгэгдлийг сонсъё?

-Эрдэнэт үйлдвэр уул геологийн нөхцөлөөс хамаарч, хүдрийн агуулга багассантай  холбоотой  баяжмалын гарцаа бууруулахгүйн тулд томоохон бүтээн байгуулалтууд өрнүүлж байгаа. Манай хэсэг дээр 2015 оноос хойш хоёр том секц шинэчиллээ. Энэ бол маш том бүтээн байгуулалт. Дөнгөж сая 4-р секцийг ашиглалтад хүлээж аваад  бид бүхэн их  баяртай байгаа. Шинэ тоног төхөөрөмж суурилуулаад л шууд жин тан болчихдог зүйл биш л дээ.  Түүнийг зүгшрүүлэхийн тулд  бид багагүй хугацаанд ихээхэн  ачаалалтай ажилладаг.  Өргөтгөл шинэчлэлийн үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал  их нэмэгдэж, ажилчдын тоо ч өсч байна. 1, 2-р секц тус бүр дээр цагт 385 тонн хүдэр боловсруулдаг бол  3-р секцэд 785 тонн, 4-р секц ачааллаа бүрэн авах үед мөн л тэр хэмжээний  хүдэр боловсруулна. Биднийг ажилд орох үед манай хэсэгт ээлжиндээ 11-12 хүн ажилладаг байсан  бол одоо 25-26 хүн ажиллаж байна даа. 

-Эдгээр хүмүүсийг нэгэн зорилго дор нэгтгэн, удирддаг мастерийн хувьд ямар арга барилаар ажилладаг вэ?

-Энэ олон хүнтэй  ажиллахад  мэдрэмж их шаарддаг. Ер нь удирдаж буй хүний харилцаа, хандлагаас хамт олны уур амьсгал, ажлын амжилт ихээхэн шалтгаалдаг.  Олон хүмүүс янз бүрийн л ааш араншин гаргана. Айлын эрх хүүхэд ч бий.  Болж өгвөл хүн бүртэй тулж ажиллаж,   “түлхүүрийг”  нь тааруулан  харьцахыг хичээдэг. Мэдээж загнах үе ч бий ч ихэнхдээ  ах нь аав нь юм шиг ойр дотно харилцдаг. Ээлжийнхээ  групп чатаар ажлын төгсгөлд “За миний залуус ажлаа сайн хийлээ. Сайхан амарцгаагаарай” гээд л бичихэд л олон цагаар ажиллаж ядарсан залуус  сэргэх жишээтэй. Алдаа дутагдал гаргасан нэгнийг  буруутгах биш,   тайлбарлан таниулж, дахин алдахгүй байхыг ойлгуулахыг  хичээдэг. Чи тэглээ, чиний буруу, тийм журам зөрчлөө, чамд арга хэмжээ авна гээд л байвал  ажил  яаж бүтэх вэ. Зайлшгүй чухал, хүнд аваарын  үе тулгарахад би мастер гээд хараад зогсохгүй, ханцуй шамлаад л ордог доо. 

-Залуустаа  юуг чухалчлан захидаг вэ?

-Манай ээлжийнхэн голдуу залуус. Би тэдэндээ ХАБ-ын дүрэм журмыг мөрдөж ажиллахыг наряд авах бүрт нь  захидаг, бас  тэднийхээ  төлөө залбирдаг.  Мөн залуустаа  “Би” -ээр өвчилж болохгүйг үргэлж сануулдаг. Өөрийгөө дөвийлгөх их  аюултай. Хамт олны уур амьсгалыг жинхэнэ эвддэг.  Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдэг. Ажлыг хэрхэн, ямар аргаар хийх зэргийг хамт олноосоо л суралцдаг. Багаараа, хамт олноороо нэгдэж, нэгэн зорилгын төлөө хөдөлмөрлөж л байж л амжилтад хүрдэг. Манай үйлдвэр хүнд нөхцөлтэй. Иймээс залуугаасаа   спортоор хичээллэж, эрүүл мэнддээ байнга анхаарал хандуулж байгаарай гэж захидаг. Манай үйлдвэрийн ажилчинд  хөдөлгөөний дутагдлаас ангид, эрүүл чийрэг байх бүх нөхцөл бололцоо  бий. Зөвхөн Баяжуулах үйлдвэрт гэхэд л Чийрэгжүүлэлтийн төв тусдаа байдаг. Спорт, Соёл урлаг, Сувиллын гээд том цогцолборууд бидний төлөө  үйлчилж байна. Монголд Эрдэнэт үйлдвэр шиг ажилчин хүний төлөө ийм их зүйл цогцлоосон газар үгүй шүү дээ. 

-Та спортоор хичээллэдэг үү?

-Спортын аль нэг төрлөөр тухайлчлан хичээллэдэггүй ч, эрүүл мэнддээ анхаарч  амарч буй өдрүүддээ эхнэртэйгээ гүйдэг, ууланд алхдаг. Иймээс ч үйлдвэрт 30 гаруй жил ажиллахдаа  би өвчний акт авч үзсэнгүй. Манай ээлжинд ковид тусаагүй хоёр л хүн бий. Түүний нэг нь би. Иймээс  хөдөлгөөн хийх эрүүл мэндэд ямар чухал болохыг биеэрээ мэдэрдэг.  

-Эрдэнэт үйлдвэр мэдээж  таны бахархал байх?

-Тэгэлгүй яахав ээ.  Монгол хүн бүр л буян хишгийг нь хүртдэг энэ сайхан үйлдвэрээрээ бахархахгүй байхын аргагүй. Дэлхий даяар нүүрэлсэн  цар тахлын хүнд үед гэхэд л  айл өрх, албан байгууллага бүрийн  тог цахилгаан, халаалт, усны төлбөрийг Эрдэнэт  үйлдвэр даасан. Энэ үед манай  үйлдвэрийн хамт олон ч хүнд үеийг туулсан. Хүн бүр шахам ковидоор өвдөж,  ажиллах хүч дутагдаж байлаа. Дөрвүүлээ ажиллах местэн дээр  ганц хүн ажиллах тохиолдол ч байсан. Гэсэн ч манай хамт олон энэ амаргүй үеийг амжилттай  давж,  үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж,  Улс орныхоо өмнө том гавьяа байгуулсан. Хамт олны хүч  үнэхээр гайхалтай. Миний бас нэгэн бахархал үйлдвэрийнхээ ахмад, дунд, залуу үеийнхэнтэй мөр зэрэгцэн  ажилласан. Одоо хамт ажиллаж байгаа зарим залуусын аав, ээжтэй нь цуг ажиллаж байсан жишээтэй. 

-Эрдэнэт үйлдвэрээс Хүний нөөцийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. Та Залгамж хөтөлбөрт хамрагдаж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа хөгжүүлэх, боловсруулах чиглэлд ихээхэн анхаардгийн  нэг жишээ нь  энэхүү хөтөлбөрүүд. Гавьяаны амралтдаа удахгүй гарах бидэнд сэтгэл зүйн үнэтэй зөвлөлгөө хичээлийг мэргэжлийн багш нараар өгүүлж байгаа нь их сайхан байсан. Мөн залуустаа ажлын туршлагаа өвлүүлэх, сургамж үгсээ хэлэх нөхцөлийг бүрдүүлж, багш шавийн гэрээтэй ажиллуулсан  нь  эргээд үйлдвэртээ ч хэрэгтэй юм. 

-Та гэр бүлээ танилцуулна уу? 

-Миний ханийг Д.Өнөрбилэг гэдэг. Миний гэргий багш  мэргэжилтэй, шударга зарчимч зан, аливаад сэтгэлээсээ ханддаг сайхан бүсгүй бий. Бид гал голомтоо бадраагаад  30 гаруй жил болжээ. Хүү Ш.Билгүүдэй маань аялал жуулчлалын менежер мэргэжилтэй. Япон улсад ажиллаж амьдарч байна.

-Сүүлийн хариултыг танд асуултгүй үлдээе.

-Баяжуулах үйлдвэр, Өөрөө нунтаглах хэсэгт  мөр зэрэгцэн ажиллаж буй  хамт олондоо  аз жаргал, эрүүл энхийг  ерөөж, ажил үйлс нь үргэлж өөдрөг бүтэмжтэй байхыг хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.227.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.