Монголын шилдэг боксчдын тулаан эхэллээ
Үйл явдал
/
2022-10-07

Олон Улсын хэмжээний мастер, “Хангарди” шигшээ багийн боксын дасгалжуулагч С.Баттулгын нэрэмжит шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн үйлдвэрийн дэргэдэх Спорт цогцолборт эхэллээ. Тэмцээн энэ сарын 5-7-ны өдрүүдэд үргэлжилж, шилдгүүдээ тодруулах юм. Монголын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Боксчдын чансааг тодорхойлдог тав дахь удаагийн уг тэмцээнийг Эрдэнэт хотноо боксын спортыг үүсгэн байгуулагч, Спорт цогцолборын “Хангарди” шигшээ багийн боксын дасгалжуулагч С.Баттулгын нэрэмжит болгон зохион байгуулж байна. Тэмцээнд эмэгтэй 8, эрэгтэй 9 жинд 82 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Монголын Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан: “Тэмцээний бага жингийн тулаан, хагас шигшээ тоглолтууд энэ сарын 5,6-нд болно. Харин 7-ны өдөр шигшээ тоглолтын дүн гарна. Алтан медаль хүртсэн шилдэг тамирчдыг Иордан улсын Амай хотноо зохион байгуулах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, мөнгөн медальтнуудыг ХБНГУ-ын Колень хотноо болох Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Монголын боксын холбооны удирдлагууд шинэчлэгдэж дотооддоо залуучуудын болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын бүх ард түмний спартакиадыг амжилттай зохион байгуулж явууллаа” гэв.

700

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.