Орхон аймагт болж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн үед Эрдэнэт үйлдвэрийн тусгай зориулалтын мэргэжлийн ангийн дуурайлган үзүүлэх дадлага сургалт өнөөдөр болов. Эрдэнэт үйлдвэрийн Аврах ажиллагааны сургалт дадлагын байгууламжид болсон дуурайлган үзүүлэх дадлага сургалтад Сургуулийн удирдагч ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга С.Батжаргал, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер, Гамшгаас хамгаалах штабын дарга Т.Батмөнх болон албаны хүмүүс оролцлоо. Дадлага сургуулилалтыг Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболд удирдан явууллаа. Энэхүү дадлагаар үйлдвэрийн дүүрэгт хүчтэй газар хөдлөлт болсон цагийн байдлыг дуурайлган үзүүлэх сургууль хийлээ. Үйлдвэрт технологийн горим алдагдсан, цацраг химийн аюул бий болсон нөхцөлд ямар үйл ажиллагаа явуулах, түүнчлэн үйлдвэрийн эрсдэлтэй объект болох Тээвэр ложистикийн төвийн нефть баазад гал гарсан тохиолдолд хэрхэн унтраах, зам тээврийн ослын үед Эрдэнэт сувиллынхан яаралтай тусламж хэрхэн үзүүлэх вэ гэхчилэн таван цэгт зургаан дэд цагийн байдлаар сургуулийг бэлдэж үзүүлэв. Хамгийн сүүлд ариутгал, халдваргүйтгэл хэрхэн явагддагийг Эрүүл ахуйн албаны мэргэжилтнүүд зохион байгуулсан. Мөн энэхүү сургуулилтын үеэр Улаанбаатараас нисдэг тэрэг ирж, өндрөөс аврах үйл ажиллагаа үзүүлсэн нь онцлог байлаа.
Энэ үеэр Сургуулийн удирдагч ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраас Эрдэнэт үйлдвэрийн Гамшгийн үеийн бэлтгэл, бэлэн байдлын талаарх сэтгэгдлийг сонслоо. Тэрээр: Өнөөдөр бид мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг зохион байгуулж байгаа. Нэгдүгээр тактикийн үзүүлэх сургууль Эрдэнэт үйлдвэр дээр болж байна. Газар хөдлөлтийн аюул тохиолдсон, ямар нэгэн аваар ослын үед Эрдэнэт үйлдвэр хэрхэн ажиллах тухай дадлага сургуулийг Эрдэнэт үйлдвэр мэргэжлийн анги бүрэлдэхүүнээрээ амжилттай явууллаа. Эдгээр хүмүүс эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, ослын голомтыг аюулгүй болгох ажиллагааг хийж байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс үйлдвэрийн талбар дээр тохиолдож болзошгүй аюул ослын үед ажиллах олон төрлийн мэргэжлийн ангиудыг томилгоожуулжээ. Түүнчлэн бие бүрэлдэхүүнийг томилохоос гадна машин техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сургалтын материаллаг баазаар маш сайн хангасан байна. Цаашид сургалт дадлагыг тогтмол хийж байх хэрэгтэй.
Сургалт дадлагыг хийснээр бид аливаа аюул тохиолдсон үед хариу арга хэмжээг шууд түргэн шуурхай авч хэрэгжүүлэх бүрэн боломжтой болно. Энэ хүрээнд сургуулийн удирдагчийн хувьд дүгнэж хэлэхэд Эрдэнэт үйлдвэрийн Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой нь харагдаж байна. Дадлага сургуулийг дэмжиж ажилласан Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, дадлага сургуулийг удирдан ажиллаж байгаа удирдагч нар томилгоот бие бүрэлдэхүүн та бүхэн маш сайн ажиллалаа. Та бүхний дадлага сургуулийн үйл ажиллагааг би онц гэж дүгнэлээ” гэв. Эрдэнэт үйлдвэрийн 28 мэргэжлийн ангид 1797 ажилтан томилгоотой байдаг аж.
-
16 цаг 30 мин
-
19 цаг 11 мин
-
20 цаг 31 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
16 цаг 30 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин