Жилийн бүрийн 5, 10-р сарын хоёрдахь долоо хоногийн бямба гаригт улс даяар өрнүүлдэг Үндэсний мод тарих өдөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид энэ намрын мод тарих ажлаа Хаягдлын аж ахуйгаас эхэллээ. Өнөөдөр тус үйлдвэрийн 1300 уурхайчин 20 автобус хөлөглөн үйлдвэрлэлийн хаягдал булинга хуримтлагдан хадгалагддаг Хаягдлын аж ахуйг зорьсон. Үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон болон удирдлагын багийнхан, бүх цех нэгжийн төлөөлөл, уурхайчид хамтын хүчээр Хаягдлын аж ахуйн эргэн тойрныг ногооруулж, ойжуулах зорилгоор 30 га газар буюу 300 мянган метр кв талбайд үрээр бас мөчир суулгацаар тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон нэгдэж, ойрын 10 жилд 100 сая мод тарьж ургуулахаар зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тэгвэл энэ жил 10 саяыг нь тарихаар төлөвлөн түүний 1 сая модыг Хаягдлын аж ахуйд тарьж ургуулах юм.
Энэ үеэр тус үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа “Бид 100 сая мод тарих ажлаа эхлэхдээ гаднаас бэлэн модны суулгац, үр авч тарих гэхээсээ илүү Эрдэнэт үйлдвэр дотооддоо модны үр, суулгацаа бэлдэж, үржүүлдэг байх нь чухал гэж үзсэн. Тийм учраас хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө зардал төсвийг нь тусгаж, өөрийн мод үржүүлэг, ойжуулалт, модны генетикийн цогц төвтэй байх төсөл боловсруулан хэрэгжүүлж байгаа. Мод тарих нь нэг насны буян гэж Монголчууд билэгшээдэг. Хүн хүрээлэн буй байгаль эх дэлхийтэйгээ хүйн холбоотой, тиймээс байгаль орчноо хайрлан хамгаалж, сөрөг нөлөөллийг нь бууруулахад иргэн бүрийн оролцоо нэн чухал. Тэр ч утгаараа Эрдэнэт үйлдвэрийн цех нэгж бүр энэ ажилд ач холбогдол өгч, нэгдэн оролцож байгаад сэтгэл өндөр байна” гэж онцолсон.
Хаягдлын аж ахуй дахь намрын мод тариалалтын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн “Ногоон хөгжил” төслийн нэгж, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хамтран зохион байгууллаа. Энд уурхайчид монос, гүйлс, бүйлс, гар хуайс, хайлаас, интоорын модыг суулгацаар болон үрээр тарив. Хайлаас мод агаар дахь нүүрсхүчлийн хийг шингээх хамгийн өндөр чадвартай, жилд 41 кг нүүрсхүчлийн хийг шингээдэг бол монос модны хувьд орчны бохирдол, хортой нян бодисыг усгаж, бохирдсон агаар болон хөрсийг цэвэрлэж ариутгадаг давуу талтай. Тиймээс эдгээр төрлийн мод тарихаар сонгосон. Энэ ажлын үр дүн 3 жилийн дараа гарч, Хаягдлын аж ахуйн эргэн тойронд ногоон төгөл бий болно гэдэгт итгэлтэй буйгаа “Ногоон хөгжил” төслийн нэгжийн Ойн генетикийн нөөцийн төвийн мэргэжилтнүүд тайлбарласан. Хаягдлын аж ахуйд мод тарих ажилд тухайн обьектыг хамгаалах үүрэгтэй Дотоодын цэргийн 186-р тусгай салбарын бие бүрэлдэхүүн оролцож, “намар тарьсан мод хамгийн сайн ургадаг” тул намрын тариалалтад хүн бүр идэвхтэй оролцож ногоон байгалиа хамтдаа бүтээлцэхийг уриаллаа.
-
16 цаг 20 мин
-
20 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
16 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин