Шөнийн экскаваторчин
Үйл явдал
/
2022-10-12
Хот гүн нойрондоо умбаж байхад Ил уурхайн карьер өдөр мэт гэрэлтэй, уулын эзэн экскаватор энд тэндгүй эргэлдэн, тэнхээт хүлгүүд эрдэнэс тээвэрлэн ар араасаа нүргэлэн, уухилан давхилдана. Ийм л ажил буцалсан, од түгсэн намуухан, заримдаа цас, бороо хаялсан сэрүүхэн шөнө П.Пүрэвдорж ээлжинд гарах дуртай. Ашиглалтын гоо зүйгээрээ дэлхийд тэргүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн гүнд 26 жил экскаваторын машинчаар ажилласан Пүрэвнямын Пүрэвдоржтой уулзахад тэр ийн ярьсан юм.


1971 оны намар Завхан аймгийн Тэлмэн сумын “Нуур” бригадын дарга Н.Пүрэвням хоёр дахь хүүдээ өөрийнхөө нэрийг оролцуулан ахынх нь нэртэй нийлүүлэн Пүрэвдорж хэмээх нэр хайрласан нь өнөө цагийн Тэргүүний уурхайчин, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, идэр эр болжээ. Ээлжийн амралтаараа нутагтаа амьдран суугаа аав, ээждээ очоод, сэтгэл нялхраад ирсэн гэнэ. 80 гарсан ч тэнхлүүн хэвээрээ, зүгээр суухгүй, хөдөлсөөр байгаа аавынх нь хөдөлмөрч зан түүний өнөөдөр нэр хүндтэй, сайн сайхан яваагийн эх үүсгэл, өвлөсөн “хөрөнгө”, хүмүүжил нь юм.
Тэрээр 10-н жилийн сурагч байхдаа “алтан гурав”-ын эзэн, тун сахилгагүй хүүхэд байжээ. Гэрийнхээ түлээ мод, ус цасыг шалавхан бэлдчихээд тэшүүрээр гулгахыг л хүснэ. Сумын спортын наадамд дэд байр эзэлснийг хэлэх үү, бүсийн тэмцээнд оролцох эрх авсныг ч хэлэх үү, гэрт орохгүй бэлтгэл хийхээс биш хичээл хийхийг гол зорилгоо болгож яваагүй ээ гээд одоо инээж сууна. Тухайн үед “Би чамд хайртай” кинон дээр сахилгагүй хүүхдийг ТМС-д явуулдаг жишгээр П.Пүрэвдорж ч Налайхын Техник мэргэжлийн сургуулийн экскаваторын машинчийн ангид элсэн суралцсан. Хөдөө буйд өссөн хүүхдэд экскаватор гэдэг нэр л их сонирхолтой, өвөрмөц санагдсан гэдэг. Хүн нутгаасаа гарахаараа аавынхаа болон нутгийнхаа нэрийг муугаар гаргачихгүй юм сан гэж их хичээдэг юм билээ гэж тэр ярьсан. Үнэндээ өнөөдрийн даруу төлөв, нягт нямбай Пүүжээг сургуульдаа нэртэй сахилгагүй хүүхэд байсан гэдэгт итгэхэд бэрх. Тэрээр Шарын голын нүүрсний уурхайд дадлага хийж байхдаа анх экскаваторын бүхээгт сууж үзжээ. Зургаан мөч зэрэг хөдөлж ажилладаг, өндөр мэдрэмж, ур чадвар шаарддаг мэргэжилдээ тэгэхэд дурласан. Шарын голын уурхайд экскаваторын туслах машинчаар 45 хоног ажиллаад, дадлагаас буухдаа 1500 төгрөгийн цалин авч байсан нь түүний хөдөлмөрийг үнэлсэн анхны урамшуулал байлаа. Зах зээлд шилжих үеийн 1500 төгрөг гэдэг оюутан хүүхдэд санаанд багтахгүй их мөнгө байсан нь лавтай. Анхны цалингаа авчхаад аав, ээжтэйгээ утсаар баяр хөөр дүүрэн ярьж байсан нь одоо ч санаанаас нь гардаггүй гэсэн. Шарын голын уурхай П.Пүрэвдоржид сургуулиа төгсөөд манайд ирж ажиллаарай гэж урьсан нь хэн болохыг нь эрт таньж мэдэрсэн үнэлгээ байв. Тэрээр хүсэлтийг хүлээн авч Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцуудыг нүүрсээр тэжээдэг их уурхайн экскаваторчнаар гурван жил ажиллажээ. Дундуур нь ардын армид цэргийн алба хааж, Тэлмэн суманд нэг хашаанд айлсан амьдарч байсан, зэргэлдээ ангийн охиныг гэргий болгон авч амжсан сүйхээтэй эр.
1995 оны хавар. П.Пүрэвдорж хайртай бүсгүйнхээ хуваарилагдсан газар болох Эрдэнэт хотод үеэл ахынхаа дуудлагаар иржээ. Түүний үеэл ах Ж.Сумъяа гэж Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн экскаваторын бас л домог машинч байлаа. Ахынхаа итгэлийг алдахгүй гэсэн сэтгэл нь хариуцлага болон төлөвшиж, ур чадвар болон чанаржиж, хайр халамж болон хамт олонд нь ирсэн. П.Пүрэвдорж хамгийн сүүлийн үеийн LIEBHERR маркийн экскаватораар сүүлийн таван жилд дунджаар 3000 гаруй мянган м3 уулын цул ачиж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг тогтмол 100 давсан хувиар биелүүлж ажиллажээ. Тодруулбал, 2016 онд 322 сая, 2017 онд 505 сая, 2018 онд нэг тэрбум 62 сая, 2019 онд 699 сая, өнгөрсөн онд 920 сая төгрөгийн өртөг бүхий уулын цул илүү ачсан байна. Тэрээр энэ хугацаанд 130 тонны Белазаар найман цагийн ээлжинд 177 рейс хийх 8319 м3 уулын цул ачиж Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд дээд амжилт тогтоосон анхны машинист юм. Өнгөрсөн жил үйлдвэрийн төлөвлөгөөт даалгаврыг давуулан биелүүлэхээс гадна уурхайн төвийн ордын 1430 м, 1415 м, 1400 м –ийн түвшний ахилт, ажлын бус хажуу үүсгэх, тээврийн зайг багасгахад чиглэсэн зам, траншей нэвтрэх зэрэг уулын технологийн нарийн чухал ажлыг өөрийн бригад хамт олныг манлайлан чанартай гүйцэтгэжээ.
Уулын тэнхээт хүлгийг өөрийн дохиогоор оруулж, хүдрээ тэгшхэн ачиж гаргачхаад араас нь харах сайхан гэж ярих энэ эрхэм амьдралынхаа ихэнх цаг хугацааг уулын гүнд, экскаваторын кабинд өнгөрөөсөн уурхайчин. Өөр ажил, мэргэжлийн бидэнд дэндүү уйтгартай, тэсвэрлэшгүй хөдөлмөр мэт санагдах ч түүний хувьд дэндүү гайхалтай, сэтгэл татам мэргэжил. Тэр тусмаа өвөл хөлдүүстэй мөргөцөгт ажиллах нь адал явдалт кино мэт. Өндөр мөргөцгийг нурааж унагах, няцлах, дийлэхгүйг нь эвтэйхэн өргөж, тэгш хэмийг нь тааруулж ачих, зэрэг нурж ирэх хүдрийг амжиж тосож авахад мэргэжлийн торгон мэдрэмж, ур чадвар, тооцоо сүйхээ, эвсэл хурд хэрэгтэй. Анхаарал алдаж, дутуу хөдлөх л юм бол уулын аварга техникүүдийн аль нэг нь эвдэрнэ. Хохирол төлбөр гарна, засахад цаг хугацаа алдана, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагаа доголдоно, тэр хэрээр эдийн засагт хохирол учирна, хамт олны бүтээмж буурна гээд олон сөрөг үр дагавартай. Харин тэр алдаа гаргаж байсан удаагүй. Анх хөлдүүстэй үед ачилт хийхдээ зүрх нь түгшдэг байсан залуу экскаваторчин одоо бороотой, шороотой, цасан шуургатай гээд цаг агаарын ямар ч үзэгдлийн үед ганцаар ажиллахдаа бэргэж зүрхшээхгүй уулын жинхэнэ эзэн болжээ. Мөн олон шавьтай, багш болсон. Тэдэндээ ажлын арга барил, мэдлэг туршлага, ур чадвараа өвлүүлэхийн зэрэгцээ үнэнч шударга, итгэлтэй бас сэтгэлтэй байхыг сургамжилна. Хүний өмнөөс хөдөлмөрлөж байгаа шиг сэтгэл, хандлага өвөрлөх л юм бол хол явахгүй шүү гэж захина. Шавь нараас нь Б.Дархан-Эрдэнэ үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, бригадын дарга, Н.Баттулга, Д.Ихбаяр нар Монгол Улсын тэргүүний уурхайчин болжээ.
П.Пүрэвдорж шөнийн ээлжинд ажиллахдаа илүү дуртай. Ил уурхайн гэрэл цацарсан карьер энэ ертөнцийн хамгийн сэтгэл татам газар гэж Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Монгол Улсын Тэргүүний уурхайчин Пүрэвнямын Пүрэвдорж хэлсэн. Хүнд даацын аварга Белазууд тээр дор эгээ хүүхдийн тоглоом мэт цувралдан, зогсох чөлөөгүй хүдэр тээвэрлэнэ. Ил уурхайн карьерт нар тусах нь, намар болох нь үнэхээр сайхан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.149.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.