"Хүүхдийн мөнгийг картаар олгож, архи, тамхи авахад уншигддаггүй байх боломж И-баримт системд байна"
Үйл явдал
/
2022-10-14
2023 оны улсын төсвийн төсөлд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг архи, тамхины хэрэглээнд зарцуулагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх бодлого барьж байгааг тусгасан. 

Энэ зохицуулалтыг хэрхэн хийхээр төлөвлөж байгаа талаар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулаа. 

"Хүнсний эрхийн бичгийг өнгөрсөн хоёр жилийн дотор журам, шалгуурыг өөрчилж, картаар олгодог болсноор хязгаарлалтуудыг картанд тавьсан. Картын хязгаарлалт бол хүнсний эрхийн бичгээр авдаг 10 нэр төрлийн бараанаас өөр бараа бүтээгдэхүүн авч болохооргүй болсон. Үүнтэй адилаар хийх боломжтой гэж харж байгаа. Тодорхой хугацаа, зохион байгуулалт шаардана. Төрийн болон банк санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа шаардлагатай. Боломжтой гэж үзэж байгаа" хэмээн ХНХ-ын дэд сайд Д.Зулпхар хариулав.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан И-баримтын системийг ашиглан ирэх богино хугацаанд хязгаарлалтыг хийх боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ. 

Тэрбээр "Хүүхдийн мөнгийг картаар олгох, карт НӨАТ-ын баримтаараа хянагдаад архи, тамхины худалдаа хийхэд уншигддаггүй байх зохицуулалтыг хийх бүрэн боломж манай татварын системд бий болсон байна. И-баримт системтэй хамтраад хүүхдийн мөнгийг богино хугацаанд картаар олгодог системд нэвтрүүлнэ гэж зорьж байгаа. Цаашдаа хүүхдийн мөнгийг халамжийн хэлбэрт оруулсан учраас хүүхдэд зориулагдсан хоол хүнс, тэжээлийн бүтээгдэхүүн зөвхөн тэр картаар хийгддэг системийг нэвтрүүлэх боломжтой гэж бид үзэж байгаа. Болдог бол зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмждэг, тэр бүтээгдэхүүн хүүхдийн хэрэгцээг хангадаг байх хөгжилтэй орнуудын жишигт аваачна гэж бодож байна" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.114.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.