Монгол Улсын Их Хурлын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, түр хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Анандбазар, С.Ганбаатар, Б.Бейсен нар энэ сарын 08-наас 12-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Хянан шалгах түр хорооны гишүүд Ховд аймгийн Булган хилийн боомт, Хөшөөтийн нүүрсний уурхай, Баян-Өлгий аймгийн Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав. Мөн холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, хилийн боомт болон чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Булган боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг онцлов
Монгол Улсад 46 боомт үйл ажиллагаа явуулдаг. Үүний гурав нь Ховд аймагт бий. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлж, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа талаараа Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Шинэ сэргэлтийн бодлого - Ховд аймаг” сэдвээр тавьсан илтгэлдээ дурдав.
Мөн тус аймгийн Булган дахь Гаалийн газар болон Хил хамгаалах газрын удирдлагууд хилийн боомтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүд БНХАУ-тай хиллэдэг олон улсын Ярант-Такашикэн хилийн боомтын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, нүүрс нэвтрүүлэх боомтын хүчин чадлыг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Үргэлжлүүлэн Түр хорооны гишүүд Булган хилийн боомт дахь Зоонозын өвчин судлалын төвийн үйл ажиллагаатай танилцав.
Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайд гэрээгээр нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй 26 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүд эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж байгаа нийгмийн асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Уг уулзалтад “МонЭнКон” ХХК болон “Тефис Майнинг” ХХК-ийн удирдлагууд, 900 гаруй нүүрс тээвэрлэгчдийн төлөөлөл оролцов.
Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав
Улсын Их Хурлын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны гишүүд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Цагааннуур боомтоор ОХУ-аас баруун аймгуудын хэрэглээний нефть болон хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл, бусад бараа бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирдэг. Үүнд шатах тослох материал 60 хувь, малын тэжээл 15 хувь, хүнсний зүйл болон бусад бараа материал 25 хувийг эзэлж байна.
Тус боомтын хувьд байнгын ажиллагаатай болсноос хойш зорчигч болон ачаа тээврийн эргэлт эрс нэмэгдэж энэ онд улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон албаны бусад хүмүүс байлцаж, Цагааннуурын чөлөөт бүсийн өнөөгийн байдал, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар танилцууллаа.
Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд Ховд, Баян-Өлгий аймгийн зам харилцаа, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр Монгол Улсын ачаа тээврийн эргэлтийг сайжруулах, ОХУ, БНХАУ-ын хооронд манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит тээврийн олон улсын гарц бий болно гэв.
Мөн хилийн боомтуудаа авто болон төмөр замаар аль болох хурдан холбох нь тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшлүүлж, эдийн засаг тэлэх боломжтой тул Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо энэ чиглэлд онцгой анхаарал тавьж, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, нүүрс тээвэрлэгчдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн
-
12 цаг 33 мин
-
15 цаг 14 мин
-
16 цаг 34 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
12 цаг 33 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин