“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль ирэх 11 дүгээр сарын нэгнээс олон улсад ажиллах эрх бүхий мэргэжлийн гагнуурчин сургаж, бэлтгэхэд бэлэн боллоо. Герман улсын Гагнуурын сургалт, судалгааны төвийн Сургалтын албаны дарга, Германы Гагнуурын холбооны аудитор Сильвио Шульц тус сургууль дээр байгуулсан Гагнуурын сургалтын төвд ажиллаж, сургалтын бэлэн байдалд аудит хийв. Ингэснээр тус төв нь Олон улсын ISO 9606 стандартын дагуу сургалт явуулах сертификат гардан авч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн гагнуурчдыг бэлтгэх эрхтэй болж байна. Энэ үеэр Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, “Герман, Монголын хамтарсан энэ төсөл маань 2019 онд буюу дэлхий нийт ковид цар тахлын эсрэг тэмцэж байх үед эхэлж байлаа. Гэсэн ч бид хамтрагч талуудтайгаа нягт, байнгын холбоотой ажилласнаар өнгөрсөн 5 дугаар сард төслийн бэлтгэл ажлаа дуусгаж, сургалтын төвөө нээсэн. Харин өнөөдөр Герман улсаас гагнуурын төвийн аудитор ирж, манай сургалтын төвийн үйл ажиллагаа стандартад нийцэж буй эсэхийг шалгаж, тогтоож байна. Дэлхийн аль нэг улсад гагнуурчны мэргэжлээр ажиллах сонирхолтой хүмүүсийг элсүүлж, нөгөө талаас олон улсын хийн хоолой манай улсаар дамжих болсонтой холбоотойгоор энд олон улсын эрх бүхий мэргэжлийн гагнуурчид шаардлагатай тул ажиллах боловсон хүчнийг бэлтгэх юм” гэж онцлов.
Хоёр орны гагнуурын салбарын түншлэлд шинэ дэвшил авчрах энэхүү төслийг Германы Засгийн газар, Шахтбау Нордхаузен компанийн тусламж дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хасу Мегаватт компани, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хамтран хэрэгжүүлж байна. Сургалтыг Эрдэнэт үйлдвэр болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн мэргэжлийн гагнуурчин багш нар зааж, явуулна. Тэднийг Герман улс болон Улаанбаатар хотын МСҮТ-д нарийн мэргэжлээр дахин сургаж, бэлдсэн байна. Түүнчлэн, төслийн хүрээнд ажиллаж буй Герман багш эхний жилийн сургалтад хичээл зааж, мэргэжлийн гагнуурчны мэргэжил эзэмшүүлэх ажээ. Эрдэнэт хотод үйл ажиллах явуулах Гагнуурын төвд Герман Гагнуурын холбооны аудитын гэрчилгээ гардуулах үеэр аудитор Сильвио Шульц хэлсэн үгэндээ, “Германы Гагнуурын холбооны нэрийн өмнөөс сургалтын төвд аудит хийлээ. Шалгалтын үр дүнгээр энэ сургалтын төвд мэргэжлийн гагнуурчдыг бэлтгэхэд бэлэн болсныг тогтоож үнэллээ. Германд буй олон улсын сургалт явуулдаг сургуулиудтай харьцуулахад тэдний түвшинд хүрч чадсан байна. Төслийн хэрэгжүүлэгч талууд, багш ажилтан, оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье. Цаашид амжилттай үргэлжилж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн үнэмлэхтэй гагнуурчид олноор бэлтгэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэсэн юм.
-
13 цаг 19 мин
-
17 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
13 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин