“Хөдөө аж ахуйн бирж”-ээс загвар хоршоог хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд
Үйл явдал
/
2022-10-18

Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг “ХОРШООНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-аас орон нутагт загвар хоршоог байгуулж, чадавхжуулах зорилгоор менежментийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг чанараар ангилах, анхан шатны тордолт хийх, түүхий эд бэлтгэлийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулж, хоршооны гишүүдийн ноолуурыг стандартын дагуу бэлтгүүлж, биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хангах ажлуудыг хийж гүйцэтгэсээр байна. 

700

2022 оны 3 дугаар сарын 28, 29
Биржийн итгэмжлэгдсэн агуулахын түүхий эд хариуцсан ажилтныг чадавхжуулах “Биржийн бараа кодлогч”-ийн сургалтыг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг итгэмжлэгдсэн агуулахын болон хоршооны ажилтнуудын дунд зохион байгууллаа. Сургалтаар малын гаралтай бараа, түүхий эдийн шинж чанарыг тодорхойлох, ангилах,  стандарт, техникийн шаардлагыг таниулах, голч, чийглэг тодорхойлох шинжилгээний арга зүйг эзэмших мэдлэгийг олгов. Сургалтыг танхим болон лабораторийн гэсэн хосолсон хэлбэрээр явуулсан бөгөөд суралцагчид мэргэжлийн лабораторид сорьц шинжлэх, түүхий эд, нэр төрөл бүр дээр дадлага ажлыг хийсэн юм. Мөн Биржийн барааны тодорхойлолт кодлолт, биржийн арилжаанд хэрхэн орох, арилжааны программд ажиллах, итгэмжлэгдсэн агуулахын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж ажиллах талаар мэдлэг олгож, хоршоодын агуулахын түүхий эд хариуцсан 12 ажилтанд “Биржийн бараа кодлогчийн эрх олгох” үнэмлэхийг олголоо.

700

2022 оны 04 дүгээр сарын 01 
Хэнтий аймгийн Баян-Овоо суманд “Баялаг гүрэм” загвар хоршоог байгуулан хөгжүүлж, тус хоршоо биржээр дамжуулан үндэсний үйлдвэрт ноолуураа худалдан борлууллаа. Ингэснээр малчид дундын зуучлалгүй хоршоогоороо дамжуулан сумаасаа үндэсний үйлдвэрт түүхий эдээ шууд борлуулж болох тогтолцооны эхлэл тавигдсан юм. 

700

2022 оны 04 дүгээр сарын 18
Биржийн байнгын бус гишүүн хоршоо болох Төв аймгийн Аргалант сумын "Хонгор арвижих" хоршоо 77 богц цайвар ноолуурыг биржээр дамжуулан худалдан борлууллаа.

700

2022 оны 04, 08, 09 дүгээр сар 

"ХАРИЛЦАН ТУСЛАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ" Хоршоологчдын зөвлөгөөн Өвөрхангай, Орхон, Архангай, Хөвсгөл аймагт боллоо. Тус зөвлөгөөнөөр:
-Төрөөс хоршооны салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны өөрчлөлт 
-Аймгийн хоршоодын хөгжлийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ
-Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, ханалт тавих журмын танилцуулга
-Хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашиг зэрэг сэдвээр илтгэл тавьж, хоршоодыг биржийн гишүүнээр бүртгэж, гэрээ байгуулав.

700

2022 оны 05 дугаар сарын 30
Хөдөө аж ахуйн бирж "Загвар хоршоо" төслийн хүрээнд Хэнтий аймгийн "Баялаг гүрэм" хоршооны таваар бэлтгэгчдийг мэргэшүүлэх сургалтад хамруулж, гишүүдийн хонийг ноослох, ноос ангилж бэлтгэх, биржээр дамжуулан арилжих бэлтгэлийг хангаж ажилласан. Үүний үр дүнд хоршооны хонины ноосыг мэргэшсэн таваар бэлтгэгчээр бэлтгүүлж, ангилан ялгалт хийж, 100 хувь хяргасан ноосыг үндэсний үйлдвэрлэгч нарт биржээр дамжуулан арилжаалсан юм. 
Мөн хонины ноосны нэмүү өртгийг дэмжих, хоршооны гишүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор  Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Баялаг гүрэм” загвар хоршоонд Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын санхүүжилтээр 38  сая төгрөгийн хонины ноос хяргах тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

700

2022 оны 06 дугаар сарын 04
Хоршоологчдын улсын зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгчид “Баялаг гүрэм” хоршооны үйл ажиллагаатай танилцлаа. “Баялаг гүрэм” хоршоо нь 2022 оны 1 дүгээр сард үүсгэн байгуулагдсан бөгөөд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-аас түүхий эд бэлтгэлийн загвар хоршоо болгон хөгжүүлэхээр менежентийн болон хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тус загвар хоршооны таваар бэлтгэгчдийг “Жайка”-гийн "Нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах" төсөл, "Дорнод монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалах" төсөлтэй хамтран цахилгаан хайчаар хонины ноос бэлтгэх технологийн сургалтад хамрууллаа.  Мөн төслийн хөрөнгө оруулалтаар загвар хоршооны агуулахыг биржийн итгэмжлэгдсэн агуулахын шалгуур үзүүлэлт, стандартад нийцүүлэн шинэчлэн засварлаад байна. Үйл ажиллагаатай танилцах үеэр хонь хяргах, ноос пресслэх машины талаар зочдод мэдээлэл өгч, ноос хяргах машинаар нэг хонийг нэг минут 40 секундэд хэрхэн ноосолж байгааг үзүүлсэн юм. Хоршоологчид тус хоршооны үйл ажиллагаа болон эдгээр тоног төхөөрөмжийн талаар сонирхсон асуултдаа хариулт авч харилцан туршлага солилцсон, үр дүнтэй уулзалт болсон.

700

2022 оны 06 дугаар 15-17
"Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл", "Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо"-той хамтран Хоршоог чадавхжуулах, биржийн зах зээлийн суурь мэдлэг олгох онол, дадлага хосолсон цогц сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд:
-Түүхий эд бэлтгэгчийн онолын сургалт, түүхий эдийн стандартын танилцуулга
-Биржийн барааны тодорхойлолт, код олгогчын сургалт
-Үүсмэл санхүүгийн хэрэгсэл
-Бараа, түүхий эд түүний гэрээний стандарт
-Клиринг, төлбөр тооцоо
-Агуулахын бүртгэлийн болон арилжааны системд хэрхэн ажиллах тухай
-Түүхий эдийн сорьц авах шинж чанарыг тодорхойлох зэрэг сэдэвтэй сургалтууд явагдсан. 

700

2022 оны 06 дугаар сарын 23
Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэдэх Арьс ширний салбарын сургалт, судалгаа инновацийн төв шинээр нээгдсэн бөгөөд “Хөдөө аж ахуйн бирж” тус төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд малчин, хоршоод, түүхий эдийн агуулах эрхлэгч нарт арьс ширэн түүхий эдийг зөв бэлтгэх, чанарын хамгаалалт хийх талаар сургалт зохион байгуулах, биржийн чанар стандарт хангасан түүхий эдийг олон улсын зах зээлд гаргахад хамтран ажиллахаар боллоо.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.96.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.