Хүний нөөцийн менежментийн тогтолцооны стандарт ажлын байр, ажиллагсдад хэрхэн хүрч, хэрэгжиж буйд аудит хийж байна
Үйл явдал
/
2022-10-20

 Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн тогтолцоонд нэвтрүүлж буй ISO30400 багц стандартын баталгаажуулалтын аудит тус үйлдвэрт үргэлжилж байна. Өнөөдөр Хүний нөөцийн Олон улсын тэргүүлэх аудитор Олёнков тэргүүтэй аудитын багийнхан үйлдвэрийн бүс буюу Ил уурхайн Зам овоолгын хэсэг, Авто тээврийн цехийн Өргөн тээвэрлэх, Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсэг зэрэг үндсэн дөрвөн цехэд ажиллаж, баталгаажуулалтын аудит хийв. Энэ талаар  аудитын багийн гишүүн,  Монсертф компанийн Баталгаажуулалтын газрын дарга, Афнор группын аудитор Б.Энхтөгс хэлэхдээ, “Францын “Афнор групп” баталгаажуулалтын байгууллагын нэрийн өмнөөс манай аудитын хамтарсан баг Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн менежментийн тогтолцоонд 3 дахь өдрөө аудит хийж байна. Эхний хоёр өдөрт менежментийн тогтолцооны баримтжуулалт, зохицуулалтын баримт бичиг бүрдүүлэлтийг шалгасан.

Харин өнөөдөр үйлдвэрлэлийн бүсэд ажиллаж, ажлын байрны нөхцөл, боломж, ажилчдын  санал хүсэлтийг хэрхэн хүлээн авч шийдэж буй байдал, цалин хөлс, урамшууллын системд сэтгэл ханамжтай эсэх, ажил дээрээ өсөж дэвших боломж хэр байдаг зэрэг олон талаас нь ажиллагсдын сэтгэгдлийг асууж, сонсож байна. Энэ нь тус үйлдвэр хүний нөөцийн зохицуулалтын дүрэм журмыг хэрхэн боловсруулж, мөрдөж буйг баримтжуулах, үнэлэлт дүгнэлт өгөхөд чухал шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн менежментийн тогтолцооны багц стандарт нь ажлын байранд бодит байдал дээр хэрхэн бууж, ажиллагсад, уурхайчдад хэрхэн хүрч  байгаатай газар дээр нь танилцаж байгаа юм” гэж аудитын зорилгыг тодорхойллоо. 

Дөрвөн өдөр үргэлжилж, эцсийн дүгнэлтээ гаргах баталгаажуулалтын аудитыг  үйлдвэрийн цех нэгжүүдэд явуулахад хүний нөөцийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг хамтарч байна. Баталгаажуулалтын аудит үдээс хойш Сургууль, цэцэрлэг, Спорт, Соёл урлагийн цогцолборууд зэрэг нийгмийн цехүүдийн ажлын байранд үргэлжилнэ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.85.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.