Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит бус ХI хуралдаан 10:00 цагт АЗДТГ-ын хурлын танхимд өнөөдөр /2022.10.20/ 100 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Ээлжит бус хуралдаанаар төлөөлөгчид
1. Баянхонгор аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэх
2. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг авч хэлэлцэн тус тус батална.
ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНЫГ НЭЭЖ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Э.ЭНХБАТЫН ХЭЛСЭН ҮГ:
Эрхэм хүндэт төлөөлөгчдөө!
Эрхэм хүндэт Засаг даргаа!
Хуралд урилгаар оролцож байгаа эрхэм нөхөд өө!
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Төлөөлөгч нөхөд өө!
Намар цаашилж, өвөл айсуй болж, өдөр ирэх тусам хүйтний эрч чангарч эхэлж байна. Цаг уурын байгууллагын урьдчилсан прогноз, хашир малчдын яриагаар энэ өвөл, хавар манай аймагт цас их орж, хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байна. Мөн мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар манай аймгийн нийт нутгийн 70 орчим хувь нь гантай байгааг тодорхойлсон.
Их гүрнүүдийн геополитикийн төлөөх тэмцэл, дайн байлдаан, эдийн засгийн хориг, “ковыд-19” цар тахлаас үүдэлтэй хөл хорио зэрэг олон хүчин зүйлээс хамааралтайгаар импляци өсөж, бараа бүтээгдхүүний үнэ нэмэгдэж, цалин тэтгэвэр, орлого нь өдөр тутмын амьжиргааг нь залгуулж чадахгүйд хүрч байгаагаас, иргэдийн амьжиргааны түвшин эрс доошилж, нийгмийн бухимдал ихсэж байна.
Ийм цаг үед аймгийн ИТХ-ын ээлжит 11-р хуралдаан эхэлж байна.
Аймаг, сумдын ИТХ нь, “аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэнэ” гэсэн хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй билээ.
Иймээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, та бид 11,12-р саруудад хуралдах Хурлын хуралдаануудад бүрэн ирцтэй, идэвхтэй оролцож, аймаг орон нутаг, ард иргэд, тойргынхоо сонгогчдын өмнө тулгамдсан дээрх хүндрэлтэй асуудлуудыг нухацтай хэлэлцэж, бодитой шийдвэр гаргахын төлөө анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байна.
ИТХ нь “гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэнд хяналт тавих, хэрэгжүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцдог байх” чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ирснээ хүлээн зөвшөөрч, дүгнэлт хийж ажиллах хэрэгтэй болсон байна.
Аймгийн эдийн засагт бий болсон хүндрэл бэрхшээлээс гарч, эдийн засгаа сэргээн хөгжүүлэх гол гарц, арга зам нь иргэдийн амьдралын хэв маяг, хандлагыг өөрчлөх, аймаг орон нутагтаа үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн ажлын байрыг нэмэгдүүлж, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр хэрэглээгээ хангах, эдийн засгийн тэргүүлэх салбар болсон ХАА-н салбараа дэлхий нийтийн хөгжлийн жишиг хандлагаар хөгжүүлэх замаар байгаль цаг агаараас учирдаг эрсдлийг нь бууруулж, ашиг шим, үр өгөөжийг нэмэгдүүлэхийг зорилгоо болгож аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, иргэдийн санаачилга оролцоотойгоор “Баялаг бүтээгч-Баянхонгор” хөтөлбөрийг та бид хэлэлцэж батлаад 1 жилийн ойтойгоо золгох дөхөж байна.
“Баялаг бүтээгч-Баянхонгор” хөтөлбөр нь манай аймгийн Шинэ сэргэлтийн бодлого билээ. Гэтэл энэ чухал хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй, гүйцэтгэх засаглал маань энэ чиглэлээр юу хийж байгаа нь тодорхойгүй байна.
Энэ нь нэг талаар Хурлын байгууллага, та бид хуулиар олгосон чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байгаагийн илэрхийлэл. Иймээс аймгийн ИТХ-аас ойрын хугацаанд, бүрэн эрхийн хугацаанд баталж гаргасан .... тогтоол, .... хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг шалгаж үнэлгээ дүгнэлт өгөх, Төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсгүүдийг байгуулж ойрын хугацаанд хяналт шалгалт хийж, холбогдох хороодоор хэлэлцүүлж, дараагийн хуралдаануудаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Энэ удаагийн хурлаар аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг хэлэлцэж батлах гэж байна. Та бидний хэлэлцэн батлах гэж байгаа дэг нь аймгийн ИТХ-ын хуралдаанууд нь “Танхим-цахим” хосолсон ирцтэйгээр хуралдаж болох асуудлыг журамласан дэг юм.
Өнөөдөр Монгол улс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагын дагуу цахим технологийг хөгжүүлэхэд онцгой анхаарч “Цахим хөгжлийн яам”-ыг хүртэл байгуулсан билээ. Цахим технологийг ашиглаж Монголын олон залуучууд эх орондоо, орон гэртээ сууж байгаад Америк, Япон, Солонгос, Герман, Австрали зэрэг олон орны компани, байгууллагуудад цахимаар ажиллаж байгааг телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр сурталчилж байгааг харж байгаа байх.
Аж үйлдвэрийн 4 дэхь хувьсгал гэгдэх “цахим хувьсгал” эрч хүчээ авч байгаа энэ цаг үед Төлөөлөгчдийг хурлын хуралдаандаа заавал биеэрээ ирж суухыг шаардах нь өрөөсгөл ойлголт болж байна. Иймээс өнөөдрийн хурлаар ИТХ-ын хуралдаанууд нь “Танхим-цахим” хосолсон ирцтэйгээр хуралдаж болох дэгийг хэлэлцэн батлах гэж байна.
Та бүхнийг хэлэлцэх асуудлуудад идэвхтэй оролцож, ажил хэрэгч санал гаргаж, хэлэлцүүлж байгаа асуудлуудыг баталж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.106.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
10 цаг 20 мин
-
14 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
10 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин