(2022.10.19) өглөө Төрийн ордонд эхэлсэн энэхүү хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, D.Parliament цахим системд байршуулсан 2023 оны төсвийн төсөлтэй өнгөрсөн арав хоногийн хугацаанд 15,293 иргэн танилцаж, 794 иргэн саналаа өгснийг онцлоод, Монгол Улсын түүхэнд анх удаа Улсын төсвөө ард иргэд, эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд, ажил олгогчидтойгоо хамтран хэлэлцэж, санал бодлыг нь сонсож буйг онцолсон. Нийгмийн зөвшилцөлд хүрч, төсвийн хяналт-итгэлцлийг бэхжүүлэх нь нэн тэргүүний зорилт учир төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулах талаар мөн хэлсэн үгэндээ тэмдэглэсэн билээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны төсвийн онцлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцсан бол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн төсөөлөл, Засгийн газрын тэргүүлэх бодлогын чиглэлийг илтгэлдээ онцолж, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан илтгэлдээ ирэх оны төсөв Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд хэрэгжихийг онцолсон юм.
Мөн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулсан бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн зөвлөмжийн талаар тус зөвлөлийн дарга Д.Даваасамбуу танилцуулсан.
Хэлэлцүүлэг “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлого-Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжилж, хэлэлцүүлэг тус бүрээр иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн хэлэлцэж, гаргасан санал, дүгнэлтээ үдээс хойшхи нэгдсэн хэлэлцүүлэгт танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Тогтвортой эдийн засаг” салбар хэлэлцүүлэг төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, алдагдалгүй батлах, төсвийн тэлэлтийг багасгаж, үүнийг мөнгөний бодлогоор дэмжин, инфляцыг бууруулахад анхаарах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах гэсэн гурван үндсэн хүрээнд санал, зөвлөмж гаргасныг танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Шинэ сэргэлтийн бодлого-Боомтын сэргэлт” салбар хэлэлцүүлгээр үндсэн дөрвөн багц асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөснийг тодотгов. Нэгдүгээрт, Боомтын хуулийг нэн даруй баталж, боомтын хөгжлийг чөдөрлөж буй асуудлуудыг бие даасан хуулиар зохицуулах шаардлагатайг оролцогчдын олонх хөндөж тавьсан бөгөөд боомтуудын төлөвлөлтийг цогцоор нь, иж бүрэн хийж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гаргасан саналыг онцлон танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Халамжаас хөдөлмөрт” салбар хэлэлцүүлгээр халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, хөдөлмөр эрхлэлтийг бодитойгоор дэмжих талаарх санал давамгайлсныг танилцуулаад, цаашид халамжийн явцуурсан бодлого бус нийгмийн цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Ядууралд өртөж болзошгүй иргэнийг халамжлах байдлаар аргацаах бус монгол хүн ядуурах, эрүүл мэнд, эдийн засаг, аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарсан эрсдэлд бага өртдөг нөхцөлийг бүрдүүлэх нийгмийн цогц бодлогыг өргөн агуулгаар харах талаар санал, зөвлөмж танилцууллаа.
Улсын их хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Төсвийн ил тод байдал” салбар хэлэлцүүлгийн санал, дүгнэлт болон “Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг дүгнэн, танилцуулсан. Тэрбээр, “Төсвийн ил тод байдал” салбар хуралдаанаар төсөвтэй холбоотой өмнөх олон жилийн алдаагаа засаж залруулах өөрчлөлт хийх, Улсын Их Хурлаас сорилт, бэрхшээлтэй тулгарч байгаа энэ цаг үеийг шинэчлэл, өөрчлөлтөд ашиглах, бэрхшээлийг боломж болгох чиглэлээр ажиллах зэрэг нийтлэг саналууд гаргасныг онцолсон.
Түүнчлэн, төсвийн бодлого, төлөвлөлтийг сайжруулах хүрээнд төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг нь авах анхны алхмыг Улсын Их Хурлаас санаачилж, Засгийн газар хамтарч хийснийг онцлоод, Төсвийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тухай хуульд төсвийн төлөвлөлттэй холбоотой зохицуулалт оруулж өгөх шаардлагатайг тэмдэглэхийн зэрэгцээ D.Parliament цахим системд олон мянган иргэн хандаж, төсвийн төсөлтэй танилцан, саналаа өгсөн нь төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд олон нийтийн оролцоо, хүсэл, шаардлага хэрэгцээ байгааг харуулж байна гээд Төсвийн тухай хуулийг хэлэлцэх цаглабар, цаг хугацаанд иргэдээр хэлэлцүүлэх зохицуулалт оруулж өгөх шаардлага буйг ч мөн онцоллоо.
Мөн, иргэдийн саналын 50 орчим хувь нь шинэ хөрөнгө оруулалтын шинжтэй санал байсан, хэдийгээр Засгийн газрын зүгээс шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх бодлого баримталж байгаа ч иргэдийн гаргасан шинэ хөрөнгө оруулалтын саналыг эрэмбэлэн Засгийн газарт хүргүүлнэ гэсэн юм.
Улсын их хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төсвийн төслийг олон нийтийн оролцоотой хэлэлцэх анхны алхмыг хийсэн энэ удаагийн хэлэлцүүлэгт алдаа, онооны аль аль нь байсныг тэмдэглээд, төсвийн шинэчлэл хийхийн төлөө хамтдаа зүтгэхийг оролцогчдод уриалснаар “Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлэг өндөрлөлөө
-
10 цаг 19 мин
-
12 цаг 59 мин
-
14 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
10 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин