Багануур ХК-ний НЭГ кг нүүрсний үнэ 33.5 төгрөг
Үйл явдал
/
2022-10-21
Хайруу өвөл хаяанд ирээд байгаа энэ үед Багануур ХК өвлийн бэлтгэл ажлаа 100 хувь хангаж чадахгүй байна. Түлш, тэсрэх материал, тослох материалын нөөц бэлдэх, уурхайн гол цөм болсон ажилтнуудынхаа нийгмийн даатгалын өр төлбөрийг барагдуулах, татвар, урт болон богино хугацаат өр төлбөр, тэдгээрийн алданги гээд олон асуудал байсаар байна. Эдгээр олон асуудал үүссэн гол шалтгаан нь нүүрсний үнэ. Нүүрсний үнийг төр хатуу барьж нэгэнт л өөрийн жам хуулиар зохицуулагдаж байгаа зах зээлийн үл үзэгдэх механизмыг хүчээр өөрчлөх гэсээр өнөөдрийг хүрсэн. Багануур ХК өнөөдөр 1 тонн нүүрсийг 47400 төгрөгөөр олборлоод станцуудад 33500 төгрөгөөр борлуулж, тонн тутамд 13900 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Хоногт дунджаар 11900 тонн нүүрс олборлон борлуулдаг. Гэвч нүүрсний үнэ, өртөгийн зөрүүнээс хоногт л 165.8 сая төгрөгийн алданги хүлээсээр байна. Нүүрсний үнэ нэмэгдэхээр дагаад цахилгааны үнэ өснө тэгэхээр бүх юмны үнэ өснө гэсээр эрчим хүчний нүүрс олборлогч гол уурхайгаа элгээр нь хэвтүүлчихсэн. Нэг ийм өнгө нэг ийм үзэл өнөөдрийн нийгмийн төрх болоод байна.
Гэтэл нүүрсний үнээс үл шалтгаалаад бүх юмны үнэ өссөөр... Жишээлбэл: 2019 онд 1314 төгрөг байсан АТАР талх өнөөдөр 2152 төгрөг болж 64 хувиар, 1081 төгрөг байсан нэгдүгээр гурил өнөөдөр 1847 төгрөг болж 71 хувиар өссөн байна. Тэгвэл нэг кг нүүрсний үнэ 2019 онд ч өнөөдөр ч 33.5 төгрөг хэвээр.
Багануур ХК нүүрсний алдагдлын зөрүүнээс улсын төсвөөс нэг ч төгрөгийн татаас авч байгаагүй чадан ядан ажиллаж улс орноо гал алдуулахгүй зүтгэсээр л байна. Энэ чигээрээ үлгэн салган нэгэн хэвийн зүтгээд байдаг бол бас яахав. Гэтэл тийм бишээ. Юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр 2021 онд нэг тонн тэсрэх бодисыг 1.4 сая төгрөгөөр авдаг байсан бол 2022 онд 3.2 сая төгрөгөөр, өнгөрсөн жил 1894 төгрөгөөр авдаг байсан дизелийн түлш энэ жил 3500 төгрөгт хүрээд байна. Тиймээс л нүүрсний үнийг нэмэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Хамгийн багадаа 13,932.6 төгрөгөөр буюу одоогийн үнийг 41.6%-иар нэмэгдүүлж байж ашигтай бус АЛДАГДАЛГҮЙ ажиллах боломжтой болох юм.
Монгол улсын эрчим хүчний нүүрсний гол тулах цэг байж, цаг цагийн хүндрэлийг давж ирсэн уурхайнхаа нөхцөл байдлыг мэдэрч төр засаг нүүрсний үнийг нэмэгдүүлнэ гэж уурхай уурхайчид нь хүлээсээр байна...
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.