Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Үйл явдал
/
2022-10-22
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.10.20) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 09 минутад гишүүдийн 80.3 хувийн ирцтэйгээр үргэлжиллээ.

 

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 

Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслүүдийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул санал хураалт явуулсан юм. Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 59.1 хувь нь дэмжлээ.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

 

 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулахдаа, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар Монгол Улсын иргэн “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрх чөлөөтэй. Монгол Улсын Их Хурлаас иргэний энэхүү үндсэн эрх, эрх чөлөөг байнга баталгаажуулан хамгаалахыг эрмэлзсээр ирсэн. Дээрх үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “гүтгэх” зөрчлийг хүчингүй болгосныг онцлов.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т “бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг, зөрчилд бусдыг өдөөн хатгахгүй, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг гажуудуулах үйлдэл гаргахгүй байх” гэж заасан. Мөн Зөрчлийн тухай хуульд, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан. Энэ хуулийн зохицуулалтаар цагдаа, тагнуулын байгууллагын албан тушаалтан прокурорын хяналт, шүүхийн шийдвэргүйгээр иргэн хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдсан эсэхийг шалган тогтоож, торгууль ногдуулахаас баривчлах хүртэл төрийн албадлага хэрэглэх шийдвэр гаргаж  хүртэл  байгаа. Иргэний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг Иргэний хуулиар, гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн, илт худал мэдээлэл тараасан тохиолдолд Эрүүгийн хуулиар тус тус хамгаалсан. Гэтэл хүний нэр төр, алдар хүндийг зөрчлийн хуулиар хамгаалж, нь зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрхийг хууль бусаар хязгаарлаад зогсохгүй шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг олон үндсэн эрхийг хязгаарласан хууль болсон байна.

Иймд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх заалтын “, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах” гэснийг хасах нь зүйтэй гэж үзэж, хуулийн төслийг боловсруулсан гэв.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа.

 

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Энхбаяр, Х.Нямбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс Монгол Улс хүний эрхийг хангах чиглэлээр НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэгтэй. Улсын Их Хурлаас Зөрчлийн хуулийг анх батлахдаа иргэнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө торгох үзэл баримтлал баримтлаагүй. Гэдгийг тодотгоод Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ашиглан хэчнээн хүн торгосныг тодруулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хариултдаа, Хуулийн төслийг боловсруулах үед цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйл буюу “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих” зөрчилд 2020 онд 335 хэрэг шийдвэрлэхдээ 292 хүнийг, 64 хуулийн этгээд торгож шийдвэрлэсэн бол 2021 оны 11 сарын байдлаар 368 хэрэг шийдвэрлэсний 317 нь хувь хүнийг, 15 хуулийн этгээдийг холбогдуулан торгож шийтгэсэн байна. Үүнээс үзвэл хүний эрхийн зөрчил их байна гэж үзэж болохоор байгааг тэмдэглэв.

 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх боломжтой гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр цаашид хуулийн төслийг хэлэлцэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлж, хүний нэр төрд халдаж буй үйлдлийг зогсоох, хоёрдмол утгагүйгээр хэлбэрэлтгүй хэрэгжих зохицуулалтыг оруулахад анхаарах шаардлагатайг хэллээ.  

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараагаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.  

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.133.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.