О.Отгонбаяр: Хүний нөөцийн тогтолцооны менежментийн багц стандартыг нэвтрүүлж эхлэхдээ уурхайчдаа илүү итгэлтэй ирээдүйд хөтлөх зорилт тавьсан
Үйл явдал
/
2022-10-22
 Монгол Улсад анх удаа хүний нөөцийн бодлого, тогтолцоондоо олон улсын ISO30400 багц стандарт нэвтрүүлсэн төрийн байгууллагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэрлэгдэх боллоо. Тус үйлдвэрт Франц улсын Афнор групп, Монголын “Монсертф” компанийн хамтарсан олон улсын аудитын баг ажиллаж, 2019 оноос эхлэн хэрэгжүүлж буй хүний нөөцийн менежментийн тогтолцооны стандартын хэрэгжилтэд аудит хийж, 70 оноо бүхий өндөр үнэлгээ өгсөн юм. Стандарт хэрэгжилтийн дүнг танилцуулж,  баталгаажуулах үеэр тус үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяртай ярилцлаа. 

  -Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн тогтолцооны менежментийн багц стандарт нэвтрүүлж, аудитаар баталгаажуулснаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний нөөцийн бодлого, тогтолцоотой үйлдвэр боллоо. Энэ стандартыг нутагшуулахад манай үйлдвэрийн суурь, хөрс хэр бэлэн байв? 

-Эрдэнэт үйлдвэр 2019 оны 3 сард төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрыг анх удаа байгуулж байв. Ингэснээр хүний нөөцийн үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих бүтэцтэй болсон. Тэр үед бид Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн менежментийг шинэ шатанд гаргах зорилт, арга замаа тодорхойлсон юм. Ингээд хамгийн гол зүйл бол “Дэлхийн жишиг, Монголын бахархал” байх үйлдвэрийнхээ алсын хараа, эрхэм зорилгод тулгуурлан олон улсын түвшинд хүрэхүйц хүний нөөцийн менежментийн тогтолцоог бий болгох, засаглал, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Энэ шаардлагыг олон улсын стандарт нэвтрүүлснээр хангах юм байна гэдгийг олж харсан. Тэр утгаараа, хүний нөөцийн ISO30400 багц стандарт буюу дотроо зургаан стандарт багтаасан, олон улсын түвшинд баталгаажаад удаагүй байгаа, дэлхийн хэмжээнд 5 орон, Ази тивд анх Монгол улсын “Монос” групп хэрэгжүүлсэн стандартыг сонгосон. Уул уурхайн салбар, төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагын хувьд цоо шинэ тогтолцоо байлаа. Мэдээж, суурь хөрс бол хүнд байсан. Одоо эргээд харахад, бид олон зүйл өөрчилсөн байна. Олон улсын тогтолцооны шаардлагыг хангана гэдэг бол өөрөө маш өндөр шалгуур. Зөвхөн аудитад ороход л 32 хуудас бүхий үзүүлэлтээр шалгууллаа. Жагсаалтад тусгагдсан ямар ч асуултыг баримтаар нотолж, эргэх холбоо сайжруулалтаа баталж чаддаг байх ёстой. Мөн стандарт нэвтрүүлэх үйл ажиллагаа уурхайчин бүрд хэрхэн хүрч буйг ажилчдын асуумж, уулзалтуудаар баталж тодорхойлсон. 7000 гаруй ажилтан, 50 гаруй бүтцийн нэгжтэй том үйлдвэрт тогтолцооны стандарт бүрдүүлж, баталгаажуулалт авна гэдэг бол амар даваа байсангүй гэдгийг хэлмээр байна. 

-Шинэ үеийн стандарт нэвтрүүлсний ач холбогдол, үр өгөөж хэзээ харагдах бол? Өөрөөр хэлбэл, үр дүнгээс тодруулбал?

-Олон улсын стандартын баталгаажуулалтыг  хангахын тулд Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогод хийсэн олон үйл явдлууд нь уурхайчид, ажиллагсад, тэр дундаа менежментийн тогтолцоонд том өөрчлөлт авчирсан гэж хэлмээр байна. Олон улсын стандартын шаардлага хангасан хүний нөөцийн тогтолцоотой байгууллага байна гэдэг нь  хүний нөөцийн бодлого өөрөө шударга, нээлттэй, ил тод, хүндээ хүрсэн тогтолцоог бий болгох учиртай. Энэ нь аль нэг удирдлагаас үл хамаарсан тогтолцоо гэсэн үг. Ийм тогтолцоотой болсноор энд ажиллаж буй ажилтнууд ирээдүйдээ итгэлтэй, авьяас ур чадвараа үнэлүүлэх боломжтой болж байгаа юм. Олон ажилтантай төрийн өмчит үйлдвэрийн газарт өөрчлөлт хийхэд тодорхой хугацаа орох нь гарцаагүй. Энэ өөрчлөлт манай үйлдвэрийн бүтцийн нэгж, уурхайчин бүрд хүрсэн байна гэдгийг олон улсын аудиторууд өндрөөр үнэлснийг бидний ажил үр дүнгээ өгч байна гэж харж байна.

-Сайн тогтолцоо урт удаан хугацаанд оршин тогтнодог. Тэгэхээр хүний нөөцийн тогтолцооны шинэ стандарт манайд хэр ирээдүйтэй бол? Цаашид яаж тогтох дүр зураг төсөөлж байна? 

-Эрдэнэт үйлдвэрт Чанарын менежментийн тогтолцооны ISO9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO45001 болон сургалтын үйл ажиллагааны стандартуудыг хэрэгжүүлдэг. Мөн Хүний нөөцийн тогтолцооны ISO30400 багц стандарт нэмэгдэж,  олон улсын итгэмжлэгдсэн гэрчилгээ авч байна. Тэгэхээр манай үйлдвэрийн цаашдын нэг гол зорилго гэвэл, менежментийн нэгдсэн тогтолцоог бий болгох явдал. Олон салбар стандартуудыг нэгтгэх нь үйлдвэрлэл, хүний нөөцийн бодлого, сургалт үйлчилгээ гэх зэрэг бүх үйл ажиллагаагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүргэх үүд нээгдэнэ.  Тогтолцооны стандартаа баталгаажуулсан ч бид 3 жил дараалан жил тутамд давтан аудит хийлгэх ёстой. Давтан аудитад орохдоо 32 шалгуурт нийцсэн давуу талаа илүү сайжруулж байж, аудитын шалгуурт тэнцээд явна. Тодруулж хэлбэл, энэ сайжруулалтыг жил бүр хийж байж шинэ тогтолцоо манайд бүрэн дүүрэн нутагших юм. 

-Бүхэл бүтэн тогтолцоог стандартжуулж, баталгаажуулалтын шаардлага хангах нь  нэг, хоёр хүний хийх ажил биш. Баг хамт олны хүч хөдөлмөр, зүтгэл шингэсэн байгаа. Энэ явцад олон дэвшил гарсан байх. Шинэ өөрчлөлтийг дагаад ажилтнууд өөрсдөө ч чадавхжаад, хөгжөөд явдаг?

- Тэгэлгүй яах вэ. Олон улсын стандартыг нэвтрүүлэх явцдаа суралцсан. Бид шинэ зүйл эхэлсэн учраас бүх ажилтнуудаа үе шаттай сургалтад хамруулж, олон ур чадвар эзэмшсэн.  Хүний нөөцийн 14 мэргэжилтнээ зөвхөн Эрдэнэт үйлдвэрт биш Монгол улсын бүх аж ахуйн нэгжид хүний нөөцийн дотоод аудит хийх эрхтэй аудитораар бэлтгэлээ. Дотоод аудиторууд бэлтгэснээр бүтцийн нэгж дотроо өөрсдийн хүчээр аудит хийж, үйл ажиллагааныхаа түвшнийг тогтоож, тодорхойлох боломжтой болж байгаа юм. Ер нь тухайн байгууллага олон улс болон өөрийн улсад ямар түвшинд байгааг дотоод аудитаар л үнэлж, дүгнэдэг. Илүү сайжруулах, өөрчлөх зүйлээ олж хардаг. Ер нь байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаа сайн муу байгааг нэг хувь хүн үнэлэх гэхээсээ олон улсын аудитаар үнэлж баталгаажуулах нь бидний цаашдын ирээдүйд том эерэг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр энэ ажлыг бид олуулаа, багаараа хамтарч ард нь гарлаа. Бидний анхны санаачилга, зорилгыг дэмжиж, хамтран ажилласан удирдлага хамт олон, хүний нөөцийн менежментийн баг, хүний нөөцийн мэргэжилтнүүд, уурхайчид, оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье. Олон улсын баталгаажуулалт хийхэд аливаа үйл ажиллагааны оролцоо, оролцогч талуудын идэвх зүтгэл чухал нөлөө үзүүлдгийг харсан. Түүнчлэн эцсийн дүнд уурхайчид, ажилтнуудын сэтгэл ханамж ямар байгаа болон тэдний оролцоог хэрхэн хангаж, үйл ажиллагаандаа тасралтгүй сайжруулалт хийж буй эсэх зэргийг голчлон харж, дүгнэдэг юм байна. Тиймээс цаашдаа ч энэ чиглэлд илүү анхаарч, сайжруулж ажиллана гэж бодож байна. 

-Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн тогтолцооны менежментийн багц стандарт нэвтрүүлсэн нь өөрөө том туршлага. Бусад байгууллагад энэ туршлагаас хуваалцах бол юуг илүү онцлох вэ? 

-Сая манай үйлдвэрт ажилласан аудитын багийнхан хэлж байсан. Төрийн өмчит үйлдвэрийн газар, хүний нөөцийн тогтолцоондоо олон улсын стандарт нэвтрүүлж буй нь Монгол улсын хувьд анхдагч бөгөөд онцлог жишиг гэж. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн энэ бодлого, туршлага бусад олон байгууллагад нөлөөлнө. Бид олон улсын багц стандартаас гадна хүний нөөцийн бодлогодоо олон шинэ зүйлийг хийж, нэвтрүүллээ. Тухайлбал, чадамжийн стандартыг анх удаа хэрэгжүүлж, Монголд үндэсний чадамжийн төвийг байгуулахаар эхлүүлсэн. Хүний нөөцийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, шинэ үеийнхний ялгааг хүний нөөцийн бодлогод хэрхэн тусгах тухайд чиглэл боловсруулаад ажиллаж байна. Эдгээр сайн туршлагаасаа уул уурхайн салбарынхан, Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой, Монголын төмөр зам зэрэг олон байгууллагуудтай харамгүй хуваалцаж, хамтран ажилладаг. Аливаа үйл ажиллагаандаа зөв засаглал тогтоох хамгийн зөв бөгөөд эцсийн сонголт  гэвэл стандарт хэрэгжүүлэх арга зам гэж хэлнэ. 

- Хүний нөөцийн тогтолцооны менежментийн ISO30400 багц стандарт нэвтрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогод хийгдсэн том алхам. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо бүрэн дүүрэн нутагшуулж, нэвтрүүлэх хамгийн том зорилго юу байв, зорилгодоо хүрч чадсан уу?

-Энэ багц стандартыг хэрэгжүүлэх зорилгоо бид нэг зүйлд л чиглүүлсэн. Хэрэв хүнээс хамаарахгүй олон улсын стандартад нийцсэн тогтолцоог бүрдүүлж чадвал Эрдэнэт үйлдвэрийн залуу ажилтнуудын ирээдүй илүү итгэлтэй, зөв шударга болно гэж харсан. Хэн нэгэн удирдлагаас үл хамаарсан тогтолцоо бий болж чадвал бүх зүйл шударга байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажилд орж буй залуучууд дараагийн 10 жилд илүү итгэл дүүрэн  ажиллах тогтолцооны эх үндэс тавигдах нь эрхэм зорилго байлаа. Нөгөөтээгүүр, Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй бүх хүн нэгдэж байж энэ амжилт, ололтыг бүтээнэ. Өмнө би дурдсан, Олон улсын стандартын тогтолцоо өөрөө оролцоонд суурилдаг. Стандартад нийцсэн сайжруулалтыг бид өөрсдөө хийнэ гэсэн үг. Эрдэнэт үйлдвэртээ хөдөлмөр зүтгэлээ зориулж буй бидний зүрх сэтгэл, санал санаачилга л үүнийг хийнэ. Үүнийг авч үлдэж чадвал бид хойч үеийнхэндээ туршлага, мэдлэг бүх зүйлээ үнэт өв болгон үлдээж чадна. Тэгэхээр яах аргагүй уурхайчдынхаа төлөө хийсэн том алхам гэж хэлэхийг хүсэж байна. Үр өгөөж, үр дүнг нь тун удахгүй үзнэ гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэт үйлдвэр олон улсын аль ч түвшин, зэрэглэлд хүнээ хөгжлийнхөө гол цөм болгож, хүний төлөө стандартын шаардлага хангасан гэдэг үзүүлэлтээрээ дэлхийд болон өөрийн улс оронд нэр хүндээ өндөрт өргөж буй хэрэг юм. Нөгөө талаас, төрийн байгууллагад ч  сайжруулалт хийж, өөрчилж  болдог юм байна гэдгийг харуулж чадсан сайн загвар бүтээж буйдаа эргэлзэхгүй байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.85.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.