Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Төрийн үйлчилгээ цахимжиж байгаа нь сайн хэрэг ч нэгдсэн стандарт алга
Үйл явдал
/
2022-10-22
Төрийн үйлчилгээний стандартын асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЦХХХЯ-ны сайд Ц.Учрал, Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн болон бусад албаныхан уулзалдлаа.
 
700
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус уулзалтад хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг бий болгох, төрийн бүтээмжийг бүх түвшинд дээшлүүлэх бодлогыг бодитоор хэрэгжүүлэхэд Стандарт нэн чухал билээ. Хөгжлийн бодлогодоо нийцсэн стандартыг баталдаг, батлагдсан стандарт нь ил тод хяналтын дор бүх салбарт хэрэгждэг, хэрэгжилтийн үр дүн нь хүн ардынхаа амьдралын чанарыг дээшлүүлдэг, улс орныхоо хөгжлийн бодит үзүүлэлтийг илэрхийлдэг байх нь чухал. "Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг томоохон зорилт болох Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Стандарт болоод Цахимжуулалтын үйл ажиллагаа нягт уялдаатай байж энэ тал дээр бодит ахиц дэвшил гарна” гэлээ.
 
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Стандарт, хэмжил зүйн газар нь цаашид Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтарч хөгжлийн бодлогод нийцсэн стандартыг батлуулж, хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болсон.
Үүний хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын хамтарсан “Иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэх зорилгоор “Төрийн нэгдсэн цахим үйлчилгээний нийтлэг стандарт”-ыг боловсруулан батлуулж, системийн уялдаа холбоо, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн сангийн үйл ажиллагааг сайжруулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах” тухай тушаал гаргаж, баталлаа.
Ингэснээр иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэх, салбарт мөрдөгдөж байгаа стандартын хэрэгжилтийг хангах, олон улсын хөгжлийн чиг хандлага, техник технологийн дэвшилттэй уялдуулан стандартыг тухай бүр шинээр болон шинэчлэн боловсруулах арга хэмжээ авах боломж нээгдэх юм.
Өнөөдрийн байдлаар Төрийн захиргааны төв байгууллага болон нийслэлийн 765 үйлчилгээ, 21 аймгийн 1285 үйлчилгээ цахимжсан ба цаашид 204 үйлчилгээ цахимжуулахаар хүлээгдэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.140.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.