Энэ талаарх мэдээллийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ.
Тэрбээр макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлээд богино хугацаанд экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Тэрбээр, Нэн тэргүүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос орох валютын бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг тогтоолоор баталж хэрэгжилтийг хангуулах ажлыг эхлүүлээд байна.
Богино, дунд хугацаанд валютын бодит орлогыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээнүүдийг тусгасан Засгийн газрын тогтоол батлагдаж, хэрэгжилтийг хангуулах ажил эхлээд байна. Тухайлбал:
- Ашигт малтмалыг олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах зэрэг бүх дамжлагуудад төлбөрийн баримт үүсгэх, холбогдох гэрээнүүдийг гааль, татварын нэгдсэн цахим системд бүртгэдэг тогтолцоог бүрдүүлнэ.
- 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс зөвхөн энэ тогтолцоонд бүртгэгдсэн ашигт малтмал экспортлогдох боломжтой болно.
- Ашигт малтмалыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах уул уурхайн биржийн тогтолцоог 2023 оны 1 дүгээр улиралд багтаан нэвтрүүлнэ.
- Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг хилийн үнээр худалдан борлуулж, ачаа тээврийн хил нэвтрэх зөвшөөрлийг өөрсдөө олгодог болно.
- Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэж буй хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлт зэрэг бүхий л үйл ажиллагааны төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгүүлж “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулна.
- Төрийн өмчит компаниуд Засгийн газрын шийдвэргүйгээр төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй гэрээ шинээр байгуулахыг хориглож, өмнө нь хийгдсэн ашигт малтмалын борлуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалттай холбоотой нууц гэрээ хэлэлцээрийг нууцаас гаргаж ил тод болгох,
- Төрийн өмчит компаниудын төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй гэрээ, төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээ, төлбөр нь нэн даруй хийгдэх гэрээнүүдийн ачилт, тээвэрлэлт, экспортыг валютын бодит орох урсгалыг нэмэгдүүлэхээр оновчтой зохион байгуулах зэрэг төлөвлөгөөт үүрэг даалгаврууд өгөгдсөн болно.
Мөн гадаад валютын орох урсгал, валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ашигт малтмал олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын олборлолт, экспортын тасралтгүй үйл ажиллагаа хангагдахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэлээ.
Макро эдийн засгийг тогтворжуулах хүрээнд төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, уул уурхайн голлох бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг цар тахлын өмнөх түвшинд хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгож, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэг шат ахиулна гэж сайд хэллээ. Түүнчлэн эдийн засгийн хөгжлийг хязгаарлаж буй эрчим хүч, тээвэр, санхүүгийн салбаруудад либералчлал, реформыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэн, хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, санхүүжилтийн эх үүсвэр, төрлийг нэмэгдүүлэн, боомт, тээвэр, логистикийн үйл ажиллагааг сайжруулахаар ажиллаж байна хэмээсэн. Эцэст нь тэрбээр гадаад хүчин зүйлс, эрсдэлүүдийн талаар дурдаад гадаад зах зээл дээрх тодорхой бус байдал өндөр байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар дээр дурдсан бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр макро эдийн засаг тогтворжиж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна гэлээ.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Эдийн засаг нүүрснээс хамааралтай байна. Өдөрт 150 мянган тонн нүүрс гаргаж, 15-20 сая ам.долларын борлуулалт хийж байна гэсэн мэдээ байна. Энэ мөнгө хаачив гэтэл оптек гэрээгээр нүүрсээ урьдчилаад зарсан гэж байна. 5-7 жил борлуулах нүүрсийг зараад мөнгийг нь урьдчилаад авчихсан гэсэн мэдээлэл үнэн үү. Хэдэн оптек гэрээ хийгдсэн юм бэ. Нүүрс олборлож буй компаниудын өр, авлага хэд байна вэ. Тэр компаниудаас ойрын жилүүдэд мөнгө орж ирэх үү гэж асуусан.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Эрдэнэс таван толгой” компанид зургаан оптек гэрээ байгаа юм байна. Манай яаманд дөрвөн гэрээ ирсэн. Хоёр гэрээний талаарх мэдээлэл ирээгүй байна. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, газрын тосны үйлдвэрийн нефть дамжуулах хоолой, Богд хаан төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой дөрвөн оптек гэрээ байна. Оптек гэрээний нийт дүн 3.3 тэрбум ам.доллар. Үлдэгдэл нь 2.5 тэрбум ам.доллар байна.
“Эрдэнэс таван толгой” компанийн авлага 920 тэрбум төгрөг байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 12 тэрбум, “Чингис хаан” банкнаас 60.2 тэрбум, “Багануур” компаниас 14.5 тэрбум төгрөг гэх мэт. Өглөг нь 3 их наяд 489.6 тэрбум төгрөг байна. Гэрээний төлбөр, гэрээт олборлогчын төлбөр, гадаад харилцагч нарт өгөх төлбөр, бондын төлбөр, түүний хүү, татвар, нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт. Энэ бол 09 сарын 27-ны мэдээ. Нүүрс борлуулалттай холбоотой Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолоор төлбөрийг нь урьдчилан авсан нүүрс, одоо борлуулах нүүрсээ хэрхэн гаргах талаар зохицуулалт хийж, валютын урсгалаа нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байгаа. Тогтоол хэрэгжиж эхлээд 14 хонож байна. Үр дүнд нь 260.6 сая ам.доллар орж ирээд байна. Энэ тогтоолыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ингэснээр валютын нөөцөө нэмэгдүүлээд явна гэж тооцож байгаа гэсэн хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, шатахууны нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах талаар хэлэлцэн хууль баталсан. Энэ шийдвэр гурилын асуудал дээр хэрэгжихгүй байна. Гурилын үйлдвэрүүдэд 100 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр олгож, нөөц бүрдүүлнэ гэсэн. Гэтэл гурилын үйлдвэрүүдэд 100 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгогдоогүй байна. Гаргасан шийдвэр хэрэгжихгүй бол нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах бодлого биелэлээ олох уу хэмээн лавлав.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Есдүгээр сарын байдлаар Монгол Улсын валютын нөөц 2.8 тэрбум орчим ам.доллар байна. Наймдугаар сард 2.6 тэрбум ам.доллар байсан. Валютын нөөц нэмэгдэж байна. Бусад улс орнуудыг харж байхад үнэ тогтворжуулах гээд зээл өгдөг, мөнгө өгдөг аргууд бүгд бүтэлгүйтэж байна. Гурилын компаниудад хөнгөлөлттэй зээл өгье гэхэд шалгуурыг нь даваад авах аж ахуйн нэгж ховор байна. Даваад авлаа гэхэд хэл ам байнга дагадаг учир банк нь ч тэр, аж ахуйн нэгж нь ч тэр өгч, авахыг бодохгүй байна. Түүний оронд зах зээлийнхээ жамыг дагах нь зүйтэй гэсэн хандлагатай байна гэж хариулав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг томилох асуудлыг танилцууллаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилно” гэж, мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан журмын дагуу 14 хоногийн дотор нөхөн томилно” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд Төмөрбаатарын Аюурсайханыг томилохоор танилцуулж байна гэлээ.
Т.Аюурсайхан нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1999 онд Бүгд Найрамдах Турк Улсын Докуз Ейлүл их сургууль, 2006 онд Японы олон улсын их сургууль, Сөүлийн Үндэсний их сургууль, 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, Боловсролын докторын зэрэгтэй. 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-ийн ерөнхий захирал, 2006-2009 онд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах референт, 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны Дэд дарга, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2020 оноос Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байгаа юм.
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
10 цаг 58 мин
-
13 цаг 39 мин
-
14 цаг 59 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
10 цаг 58 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин