Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Төмөрбаатарын Аюурсайханыг томилсон талаарх Захирамжийг уншиж, танилцуулсан.
Дараа нь Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн, адис авлаа.
Үргэлжлүүлэн холбогдох журамд заасны дагуу тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, энэхүү тангаргийн бичгээ УИХ-ын даргад гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнд Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг нь гардууллаа.
Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг тангараг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр Засгийн газрын гишүүн томилогдсонтой холбогдуулж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, "Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, сэтгэл зүтгэл, зорилго нэгтэй журмын нөхөр Таны боловсрол, мэдлэг, туршлага, хууль засагладаг нийгэм, шударга ёсыг тогтоох чин эрмэлзэл тань энэ салбарыг удирдахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт Монгол Улсын Их Хурал бүрэн итгэж байна" хэмээн тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэнийхээ хөдөлмөрлөх эрхийг эдлүүлэх, хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлт, нийгмийн даатгал, халамжийн бодлого, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон гэр бүлийн хөгжлийн асуудал зэрэг хуулиар тогтоосон төрийн бодлогыг хэрэгжүүлэх эрхэм чухал үүрэг Танд ногдож байна гэлээ.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, иргэн бүр нь хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн үр шимээрээ элбэг хангалуун амьдардаг Монголыг цогцлоож, “Халамжаас хөдөлмөрт” шилжих зорилт, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэл хийх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, эрсдэлт цаг үеийг даван туулах нэн чухал, тулгамдсан асуудлууд хүлээж байгааг анхааруулаад эдгээр асуудалд онцгой анхаарч, цаг алдалгүй ажилдаа шуурхайлан орохыг хүсэв.
Үүгээр Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд өндөрлөлөө
-
11 цаг 16 мин
-
13 цаг 57 мин
-
15 цаг 17 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
11 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин