С.Чинзориг: Улсын хэмжээнд сумын ЗДТГ-т ажиллах 1,338 орон тоо сул байна. 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн
Үйл явдал
/
2022-10-26

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалин бага байна. Үүнээс хамаараад тухайн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх, өөр газар шилжих, орон тоо гарсан ажлын байр нөхөгдөхгүй байх асуудал байна.

Сумын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалин 615 мянган төгрөг байгаа. Харин боловсрол, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч болон бусад төрийн захиргааны албан хаагчдын цалин 850-950 мянган төгрөгийн хооронд байгаа юм. Цалин хөлс ялгаатай байгаа тул тамгын газрын ажилтнууд ажлаасаа гарч байна. 

Улсын хэмжээнд сумын ЗДТГ-т ажиллах ёстой 1,338 орон тоо сул байна. Шалтгаан нь 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол 319 нь өөр ажилд шилжсэн гэсэн судалгаа бий.

Тамгын газрууд 1,089 сул орон тооны захиалга төрийн албаны салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн бол 499 орон тоо нь нөөцөд бүртгүүлсэн иргэн байхгүй, 413 сул орон тоонд иргэн бүртгүүлээгүй байна.

Одоогийн байдлаар сумдын ЗДТГ-т 2,487 төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байгаа. Эдгээрээс нэг жил ажиллаж байгаа 297, хоёр жил 206, гурван жил 230, дөрвөн жил 210, тав ба түүнээс дээш ажиллаж байгаа 1,534 албан хаагчид байна гэсэн судалгаа байгаа.

Сумын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад таван жил тутамд зургаан сарынх нь цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгодог байх зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлтээр оруулахаар өргөн барьж, танилцуулж байна.

2023 оноос хэрэгжиж эхэлнэ гэвэл 1,534 хүнд мөнгөн урамшуулал олгох 5 тэрбум төгрөг, цаашид жилд дунджаар нэг орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай" гэдгийг танилцуулав

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.254.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.