Уурхайчид дөрвөн тэрбум төгрөг хэмнэжээ
Үйл явдал
/
2022-10-27

Ил уурхайн хамт олон хэмнэлтийн бодлогын хүрээнд техник зохион байгуулалтын төлөвлөгөө гарган ажиллаж, тэсрэх бодисын хэрэглээ, технологийн тээврийн дундаж зайг багасгаснаас дөрвөн тэрбум гаруй төгрөг хэмнэжээ. Түүнээс гадна үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг 100 давсан хувиар биелүүлэн амжилттай ажиллаж байна. Тухайлбал, энэ сард уулын цул гаргалт 1.9 мянган м3-ээр давж, хөрс хуулалтын төлөвлөгөө 4.3 мянган м3-ээр илүү биеллээ. Мөн уурхайчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дөрөв дүгээр шатны үзлэгээр “онц” үнэлгээ авчээ. 

Ил уурхай энэ жил 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил төлөвлөснөөс Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн чиглэлээр болон Барилга, засварын цехээр хийлгэх ажил 90 орчим хувийн гүйцэтгэлтэй явна. Үндсэн тоног төхөөрөмжийн худалдан авалт ч өндөр хувьтай явааг Үйлдвэр, техникийн товчооны дарга Ц.Шинэдорж мэдээллээ.  

Дашрамд, Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан хоёр том төсөл хэрэгжиж байгаа нь Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр байгуулах юм. Цар тахлаас үүдсэн нөхцөл байдалтай холбоотой бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа ч эхний төслийг оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажлаа үргэлжлүүлж байна. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн газар шороо, суурийн ажил бүрэн дууссан. Каркас угсралт, дүүргэлтийн ажил 80 хувьтай, инженерийн гадна болон дотор шугам сүлжээний угсралтын ажил 90 хувьтай, гадна тохижилт 25 хувьтай, технологийн тоног төхөөрөмжийн угсралт 90 хувьтай явна. Бүтээн байгуулалтын энэхүү төслийг “Монголиан инвестмент корпорэйшн” ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэж байна. Жилд 15 мянган тонн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор  жилээс жилд өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангах нөхцөл бүрдэх юм. 

Уурхай гүнзгийрэх тусам технологийн тээвэрлэлтийн дундаж зай уртсаж байна. Өөрөөр хэлбэл уурхайн технологийн тээврийн зардал нэмэгдэж, тээвэрлэлтийн нэгж өртөг өссөнөөр уурхайн нийт өртөгт сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс уулын цул тээвэрлэлтийн ажилд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу хосолмол тээврийн систем нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Одоогоор энэхүү төслийн бүтээн байгуулалт эхлэл шатанд явна. Цар тахлаас үүдсэн үнийн өсөлттэй уялдуулан гүйцэтгэгч компани тодорхой санал ирүүлснийг хоёр тал судалж, зөвшилцөж байна. Уг төслийн тоног төхөөрөмжүүд Германд үйлдвэрлэгдээд, нааш ачигдсан бөгөөд хил дээр 150 орчим чингэлэг ачаа хүлээгдэж байна, гэж Ц.Шинэдорж дарга ярилаа. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр хөрсний тээврийн зардал 25-30 хувиар буурах урьдчилсан тооцоо бий.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.82.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.