Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг дээр Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг
Үйл явдал
/
2022-10-27

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдлаас шалтгаалсан гадаад, дотоод үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэлийг төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх замаар даван туулах, Монгол Улсын эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулж, УИХ-д өргөн барилаа.

Эдийн засгийн өсөлт: Гадаад орчны таагүй нөхцөл байдал нь Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлж өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд манай эдийн засгийн идэвхжил сул байлаа.

  • Төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 2022 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар тэлээд байна. Тээвэр, уул уурхай, барилгын салбараас бусад бүх салбар өсөж, өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт үргэлжлэн сэргэснийг энд онцлох нь зүйтэй.
  • Цаашид экспорт үргэлжлэн сэргэсэн тохиолдолд эдийн засаг энэ онд 3 хувь, ирэх онд 4-5 хувиар өсөх тооцоололтой байна.

Инфляцын хувьд,

  • Монгол улс төдийгүй дэлхий нийтийн инфляцад дотоод эдийн засгийн идэвхжлээс гадна гадаад, үнэ, энергийн үнэ, валютын ханш, тээвэр логистикийн хүндрэл хүчтэй нөлөөлж байна.
  • Манай улсын хувьд нийт инфляцын 60-70% нь тээвэр болон гадаад үнэ, түүний шууд болон дам нөлөөгөөр бий болж байна.
  • Цаашид инфляцыг бага түвшинд бууруулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад урьдач, суурь нөхцөл болох тул инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд 6±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахад мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Энэ зорилтыг хангах нь хэцүү хэдий ч тээвэр логистикийн сайн зохион байгуулалт, дотоодын хүнсний бүтээгдэхүүний хангамжийн тасралтгүй байдал, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр салбар бүрийн яам, агентлагын үйл ажиллагаа том хувь нэмэртэй юм.
  • Энэ он гарсанаас хойш бодлогын хүүг 6 нэгж хувиар нэмэгдүүлж бодлогын тохиргоог хийсэн бөгөөд цаашид ийнхүү дан ганц мөнгөний бодлогыг хатууруулах замаар асуудал, хүндрэлийг шийдвэрлэх гэж оролдох нь хувийн секторт илүү их гарз хохиролтой байх болно. Иймд бусад бодлогын тохиргоо, үйл ажиллагааны зохион байгуулалт маш өндөр ач холбогдолтойг дахин онцольё.

Төлбөрийн тэнцлийн хувьд,

  • Энэ оны эхнээс валютын цэвэр орох урсгалд татарч, гарах урсгал өндөр хадгалагдаж байна.
    • Сүүлийн улирлуудад дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өндөр түвшинд байсан боловч манай экспортын үнэ бодитоор бага байсан,
    • Том төслийн бүтээн байгуулалтуудыг дотоодын эх үүсвэр, экспортын орлогоос санхүүжүүлж байгаа нь валютын орох урсгал дотоодын зах зээлд орж ирэхгүй байсан,
    • Бензин, шатахуун, хүнсний барааны үнийн огцом өсөлтүүд импортын төлбөрийг нэмэгдүүлсэн,
    • Төсвийн өндөр зардал, хямралын дараах эдийн засгийн сэргэлт зэрэг нь худалдааны тэнцэлд нөлөөлж байна.
  • Төлбөрийн тэнцлийн тусгал болсон валютын орох, гарах урсгалын зөрүү нь эцэстээ хатуу мөнгөний бодлоготой зэрэгцэн банкны систем дэх үүсвэрийг бууруулж, улмаар зээлийн өсөлтийг сааруулж байна.
  • Цаашид дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нь худалдааг хөнгөвчлөхөд маш том эерэг нөлөө үзүүлэх хэдий ч олон улсын геополитикийн нөхцөл байдал, цар тахлаас үүдэлтэй тээвэр, логистикийн саатал, БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг-Ковид” бодлого зэрэг гадаад хүчин зүйлсээс маш олон зүйлс хамаарч байгааг онцлон тэмдэглэе.
  • Иймд юун түрүүнд улсын санхүүгийн нөөц чадавхыг хамгаалахад онцгойлон анхаарсан хатуу төсөв, мөнгө бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн бодлогыг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоод санхүүгийн чадавхтай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр олон асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгалаа.

  • Ирэх онд төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэхэд онцгойлон анхаарах шаардлага үүсээд байгаа.
  • Дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад аж үйлдвэрийн салбарын боловсруулалтыг гүнзгийрүүлж, импортыг орлох салбарыг хамгаалж, экспортыг дэмжин эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай.

Цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байна. Монголбанкны 2023 оны бодлого, үйл ажиллагаа инфляцыг зорилтот түвшинд эргүүлэн тогтворжуулах замаар эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.175.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.