“Даян дэлхийн байгаль орчны сан” ирэх дөрвөн жилд манай улсад хэрэгжүүлэх төслийн саналаа хэлэлцэж байна
Үйл явдал
/
2022-10-25

Хөгжиж буй болон НҮБ-ын гишүүн улс орнуудын байгаль орчны олон талт хэлэлцээрийн хүрээнд тодорхой зорилтод хүрэхэд нь дэмжлэг үзүүлэн ажилладаг Даян Дэлхийн Байгаль Орчны Сангаас Монгол Улсад ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төслүүдийг үндэсний хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлэгт Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, биологийн олон янз байдал, газрын доройтол, хог хаягдал, ногоон барилга байгууламж, ногоон хөгжилд ээлтэй хотыг бий болгох зэрэг тогтвортой хөгжлийн үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий олон саналыг нээлттэйгээр хэлэлцэх юм.

Түүхийг сөхвөл,

1992 онд байгуулагдсан Даян Дэлхийн Байгаль Орчны Санд Монгол Улс 1996 онд нэгдэн орж, улмаар тус сангийн 4-р циклээс эхлэн байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.Өнгөрсөн хугацаанд Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн цикл дөрвөөс эхлэн цикл долоо хүртэл нийт 34 төслийг Монгол Улсын хувьд итгэмжлэл авсан есөн олон улсын байгууллагаар дамжуулан 47,1 сая ам. долларын санхүүжилтийг авсан байна. Мөн Монгол Улсыг хамруулан бүс нутгийн болон дэлхийн хэмжээний 422,8 сая ам. долларын 34 төслийг хэрэгжүүлжээ. Одоогийн байдлаар тус сангийн санхүүжилттэйгээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, газрын доройтлыг бууруулах, тогтвортой мал аж ахуй, хөдөө аж ахуйн системийг хөгжүүлэх, ногоон хөгжилд ээлтэй старт апп компани, хувийн хэвшлийг дэмжих зэрэг олон талт, үр ашгаа үзүүлэх төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлж байна.

Жишээ дурдвал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа 7,9 сая ам. долларын санхүүжилт бүхий “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах” төсөл, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй 5,3 сая ам.долларын санхүүжилт бүхий “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлыг хамгаалах” төсөл зэрэг болно.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт асуудал эрхэлсэн яам, НҮБ-ын салбар байгууллагууд болон бусад олон улсын хөгжлийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.195.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.