Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 371-р тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд тэргүүлж ажиллахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр тус хороо анхдугаар хурлаа хийж аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилт, хөгжлийн стратеги төлөвлөгөөний талаар ярилцлаа.
Монгол Улс 2022 оны хоёрдугаар сарын 14-нд хилээ нээж, олон улсад нээлттэй улс болсноо зарласан бол долдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах тухай 264 дүгээр тогтоол гаргасан.
Манай улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Гэтэл уул уурхайгаас гадна хөдөө аж, ахуй, аялал жуулчлал зэрэг төрөлжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой салбарууд байсаар ирсэн. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болгох зорилт тавьж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар олон жил тунхгийн чанартай зүйлс ярьж ирсэн. Одоо бодит ажил хэрэг болгох цаг болсон. Энэ хүрээнд ирэх хоёр жилийг “Монголд зочлох жил”-ээр зарлаж байна. Аялал жуулчлалыг зөвхөн “жуулчлах” гэдэг агуулгаас хальж эдийн засгийн үр өгөөж бий болгох, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд өсгөх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх боломж болгох өргөн агуулгаар хөгжүүлэх зорилт бид тавьж байна. Үүний тулд төр хувийн хэвшил нэгдсэн бодлогын дор хамтран ажиллах шаардлагатай байна. Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлээ бүх талаар дэмжин ажиллана гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хурлын эхэнд хэлсэн үгэндээ онцлов.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны анхдугаар хурлаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, Монгол Улсыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тээвэр логистикийн асуудал, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийн талаар хэлэлцлээ. Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байх ёстойгоос гадна үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын эвентүүд, эдгээрийг багтаасан жилийн хуанлитай байх, дэлхийн аль ч улсын жуулчид Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандарттай байх, эцэст нь тогтвортой аялал жуулчлал хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх шаардлагатайг энэ үеэр ярилцлаа.
Үндэсний хорооны хуралдаанаас Монгол Улсыг олон улсад сурталчлах стратеги төлөвлөгөө хийх, агаарын тээвэр, дотоод нислэгийн асуудлыг цогцоор нь шийдэх, аялал жуулчлалын мэдээлэл, үйлчилгээний цахим платформыг бий болгох, 2023 оны аялал жуулчлалын нэгдсэн хуанлийг гаргах, аялал жуулчлалын нэгдсэн стандартыг бий болгох, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүдийг тус тус байгууллаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах хүрээнд шаардлагатай санхүүжилтийг гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа
-
6 цаг 3 мин
-
10 цаг 3 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
6 цаг 3 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин