Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ бүгд найрамдах Турк улсын соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсойг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-11-03
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсойг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд Монгол нутаг дахь Түрэгийн үеийн түүх соёлын дурсгалт газрыг судлах, хамгаалах, дэлхийд түгээн сурталчилж олон улсын жуулчдыг татах, түүх, соёлын газарт түшиглэсэн бүтээн байгуулалтыг байгуулах, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх салбар гэж тодорхойлсонтой холбогдуулан хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.
 
Түүнчлэн, аялал жуулчлалын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд болох Орхоны хөндийн аялал жуулчлал цогцолбор байгуулах, нисэх онгоцны буудал байгуулах, аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах, бага хуралд хамтран оролцох, аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг сэдвээр санал солилцов.
 
Ковид цар тахлын улмаас тэг зогсолт хийгээд байсан аялал жуулчлалын салбар Турк улсын хувьд бүрэн сэргэж, тогтмол өссөн үзүүлэлттэй байгааг уулзалтын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Соёл, Аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой онцлон тэмдэглээд, аялал жуулчлалын салбарт тэр дундаа зочид буудал, үйлчилгээний салбарт магадлан итгэмжлэлийг нэвтрүүлж, ковид цар тахлын дараах нөхцөл байдалд нийцүүлэн холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулж аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хангахад анхаарч ажиллаж байна гэсэн юм.
 
БНТУ иргэний агаарын тээврийн “Туркиш эйрлайнс” компани дэлхийн хамгийн олон улс орон, цэгт нислэг үйлдэж байгаа төдийгүй тус компанийн нислэгээр дамжуулан гадаад улсаас Монголыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжтойг тэрбээр онцлон тэмдэглэв.
 
Уулзалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн үндсэн асуудлаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Нэгдүгээрт, 2023 оны эхний улиралд багтан хоёр орны аялал жуулчлалын холбоодтой хамтран нэгдсэн форум зохион байгуулах,
Хоёрдугаарт, Истанбул хот дахь Топкапы ордон музейд цорын ганц эх хувиараа хадгалагдаж буй “Судрын чуулган”-ыг Монгол Улсын Чингис хааны музейд залж, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах,
Гуравдугаарт, Хархорин хотод олон улсын зэрэглэлд бүрэн нийцсэн нисэх онгоцны буудал барих,
Дөрөвдүгээрт, Монгол судлаачид Туркийн Ван мужид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн зуны ордны туурийг нээн илрүүлсэн нь Монгол, Туркийн соёлын харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн гэдгийг онцлоод, 2023 оны 4 дүгээр сараас эхлэн МУИС, Измир Катип Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэн нь тус дурсгалт газарт археологийн малтлага хийх судалгааны ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм.
 
 Талууд энэ удаагийн уулзалтаар Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.85.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.