Цацрагтай ажиллагчид эрүүл мэндийн тусгай үзлэгт хамрагдав
Үйл явдал
/
2022-11-05
Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх тусгай үзлэгт жил бүр хамруулдаг.

Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цацрагтай ажиллагч 55 хүнээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээнд хамрууллаа. Мөн “Эрдэнэт медикал” эмнэлэг үйлдвэрийн газрын харьяанд шилжсэнтэй холбогдуулан рентген оношилгооны 14 ажилтныг нэмж тусгай үзлэгт хамруулсан байна. Ажилтнуудын үзлэгийн дүн гарахаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын цех хариуцсан эмч нартай хамтран эрүүл мэндийн чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж ажиллана, гэж ХАБЭА-н хэлтсийн цацрагийн хяналт, аюулгүй байдлын инженер Б.Мөнхболд ярилаа. 


Аж үйлдвэрийн салбарт цөмийн технологийн хамгийн том хэрэглэгч болох Эрдэнэт үйлдвэр 2018 онд ХАБЭА-н хэлтсийнхээ бүрэлдэхүүнд Цацрагийн хяналт, аюулгүй байдлын алба байгуулсан. Тэр цагаас сүүлийн 10-аад жилийн хугацаанд төлөвлөсөн ч төдийлөн хэрэгжүүлж чаддаггүй байсан асуудлууд цэгцэрсэн. Тухайлбал, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд дээр суурилагдан олон жил ашиглагдсанаар аюултай түвшинд хүрсэн цөмийн үүсгүүр, хэмжүүрүүдийг  шинэчлэн  солих  ажил үе шаттай үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд цөмийн 13 үүсгүүрийг шинэчилж, аюултай түвшинд байсан цөмийн хуучин үүсгүүрүүдийг үйлдвэрийн бүсээс гаргаж, мэргэжлийн байгууллагад шилжүүлжээ. Энэ бол маш том үр дүн, гэж Цацрагийн хяналт, аюулгүй байдлын албаны Тэргүүлэх инженер Ц.Оргил онцолсон. Тус алба цацрагтай ажиллагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаас гадна мэдлэгийн хүрээг тэлэх сургалт тогтмол явуулдаг. Сүүлийн жилүүдэд цөмийн үүсгүүр, хэмжүүр хамгийн олноор байрладаг Баяжуулах үйлдвэрийн ажилчдыг цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалтад хамруулах болсонд баяжуулагчид сэтгэл өег байгаагаа илэрхийлсэн юм.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.115.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.