-Танай цехийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье?
-Ус хангамжийн цех дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Цэвэр усыг олборлон түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх, Эрдэнэт үйлдвэрээ технологийн хэрэгцээний эргэлтийн усаар хангах, мөн ацетилен, хүчилтөрөгч гэсэн хоёр хий үйлдвэрлэж байна.
-Та удирдлагын хувьд өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлж явна гэж үзэж байна. Танай цехэд техник, технологийн шинэчлэл нэлээн хийгдсэн. Энэ талаар тодруулна уу?
-Манай цех өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлж байгаа. Ер нь хот суурин газрын ус хангамжийн асуудалд цэвэр усны чанар, стандарт, аюулгүй байдал чухлаар яригддаг. Энэ шаардлагыг техникийн талаас ханган ажиллахад тоног төхөөрөмжийн тасралтгүй найдвартай ажиллагаа, шинэчлэлийн асуудал зайлшгүй хөндөгдөнө. Тийм болохоор тасралтгүй найдвартай ажиллагааг хэрхэн яаж хангах, үүний тулд ямар бодлого барьж ажиллах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулан ажилладаг. Үүнд чиглэсэн техник технологийн шинэчлэлийг цаг тухайд нь хийж байна.
Шинэчлэлтэйгээ уялдуулж хүний нөөцийн бодлогоо явуулдаг. Ингэснээр цехийн үйл ажиллагаа Эрдэнэт хот, үйлдвэрийнхээ алс хэтийн төлөвлөлттэй сайн уялдаатай явж байна. Жишээ нь үйлдвэр, хотын цэвэр усны хангамжийн системд өнгөрсөн жилээс энэ оны долоон сар хүртэл энэ бүс нутагт төдийгүй Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажил хийсэн. Энэ нь Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт хотыг цэвэр усаар хангах 800 мм-ийн гурав дахь шугамыг бүрэн барьж ашиглалтад оруулсан явдал юм. Уг бүтээн байгуулалт нь Эрдэнэт хот, үйлдвэрийг дахиад 40-50 жил цэвэр усаар найдвартай хангах хөрөнгө оруулалт болсон. Ийм том бүтээн байгуулалтад гар бие оролцсоноороо манай хамт олон баяртай байгаа.
-Манай аймгийн ард иргэд 65 километрийн цаанаас цэвэр усаа татан авч ашигладаг. Тэгэхээр та хэрэглэгчдэдээ хандан юу хэлэх сэн бол?
-Жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногт Монгол улсад НААҮ-ний салбар үүсэж хөгжсөний баярын өдрийг тэмдэглэдэг. Энэ жил 91 жилийн ой тохиосон. Салбарынхаа мэргэжлийн баярыг тохиолдуулан “Хэрэглэгчээ сонсъё” өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр манай цехтэй Цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээтэй ажилладаг бүх хэрэглэгчээ урьж үйл ажиллагааныхаа шинэ мэдээллийг хүргэлээ. Мөн тэдний сонирхож мэдэхийг хүссэн асуудал юу байгааг тандлаа. Энэ жилийн өдөрлөгт 17 байгууллага, манай аймагт үйл ажиллагаа явуулж буй Сэлэнгэ голын сав газрын захиргааны төлөөлөл оролцсон. Өдөрлөгөөр ус хангамжийн хэмжих хэрэгслээс авхуулаад шугам сүлжээний өнөөгийн байдал, манай цехэд өнгөрсөн хугацаанд хийж буй томоохон шинэчлэлийн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Ер нь устай харьцдаг байгууллагын хамгийн том зорилго бол ус хэмнэх юм. Усыг хэмнэхийн тулд аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс шугам сүлжээндээ хэрхэн хандах, ямар байвал усны хэрэглээ зүй зохистой байх талаар анхаарал хандуулж ажиллах шаардлагатай. Эрдэнэтчүүд том байгууламж ашиглаж 65 километрийн цаанаас усаа татан ашигладаг. Энэ утгаараа усны зардал өндөр. Эрдэнэт үйлдвэрийн буянаар бид ус түгээх, хангахад зарцуулж буй зардлаасаа хямд үнээр хэрэглэгчдэд ус түгээдэг. Манай түгээж буй нэг литр усны бөөний үнэ 85 мөнгө. Гэтэл хэрэглэгчид дэлгүүрээс нэг литр цэвэр усыг ямар үнээр авдаг билээ. Энэ хоёрын дунд харьцуулшгүй үнийн зөрүү гарна. Аливаа бүтээгдэхүүн үнэ хямд байх тусам хүмүүс хайрлан хамгаалдаггүй, үнэгүйдүүлдэг. Энэ утгаараа цаашид усны үнэ цэн нэмэгдэх ёстой. Ер нь усны хэрэглээ дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа эмзэг асуудал. Дэлхийн усны байгууллагын мэдээнээс харахад Энэтхэгийн гурван хот усны хомсдолд орсон байх жишээтэй. Манай улсын хувьд цэвэр усны хангалттай нөөцтэй орон биш. Цаашид усаа хэмнэх, үнэ өртгийг нь нэмэгдүүлэн үнэтэй эд хэрэглэж байгаа гэсэн сэтгэхүйг иргэдэд төлөвшүүлэх бодлогыг улсын хэмжээнд барьж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.
-Танай цехийн харьяаны Сэлэнгэ-Эрдэнэтийн гурван шугамаар өдөрт хэдий хэмжээний ус татан ашигладаг вэ?
-Одоогийн байдлаар өдөрт 78 мянга орчим шоо метр ус татан авчирч хэрэглэгчдэдээ түгээж байна. Усны хэрэглээ хоногт 52 мянган шоо метрээс дээш гарсан тохиолдолд хуучин хоёр шугамын аль нэгийг зогсоож засвар үйлчилгээ хийх боломжгүй байсан. Гуравдугаар шугам ашиглалтад орсноор аль нэг шугамыг засварлах боломж бүрдсэн. Энэ утгаараа Эрдэнэтэд усны чанар, стандарт, аюулгүй байдлын том шинэчлэлт хийгдсэн.
-Гуравдугаар шугам ашиглалтад орсон нь ямар үр дүн өгч байна вэ?
-Энэ шугам ундны усны шугам хоолойд тавигддаг олон улсын чанарын шаардлагыг бүрэн хангаж байгаа. Хуучин бидний ашиглаж байсан ган хоолойнууд дотроо бүрээсгүй учраас тодорхой хэмжээнд усны элэгдэлд орж хуучрах нь хурдан байсан. Гуравдугаар шугам дотроо болон гаднаа шинэ технологийн бүрээстэй учраас усны элэгдэлд орох нь бага. Ийм болохоор ундны усны аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан гэсэн үг. Манай улсын Усны зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч бүх байгууллагаараа дамжуулан ундны усны иж бүрэн судалгаа хийсэн. Энэ судалгаанд манай цехийн, Сэлэнгэ мөрний хөвөөнд байрлах ашиглалтын 24 худаг болон Эрдэнэтийн бусад бүх худгууд хамрагдсан. Уг судалгаагаар Сэлэнгэ мөрнөөс татаж байгаа ус маань улсын хэмжээнд ундны усны дээд зэргийн стандарт хангасан болохыг тогтоосон. Тэгэхээр ямар ч хэрэглэгч крантнаасаа ус аваад шууд ашиглах баталгааг гаргасан гэсэн үг.
-Танай цех хэмнэлтийн бодлогын хүрээнд ямар ажил зохион байгуулан ажиллаж байна?
-Манай цех жил бүр хэмнэлтийн төлөвлөгөө гарган ажилладаг. Энэ нь ундны усанд зарцуулж буй зардлаа багасгахад чиглэгддэг. Өөрөөр хэлбэл зардлаа бууруулбал энэ хэрээр иргэдэд очих төлбөрийн ачаалал багасна. Энэ жилийн хувьд төр засгаас хэмнэлтийн хууль батлан мөрдөж байна. Уг хуулийн хүрээнд манай цех ч нэмэлт үүрэг аваад ажиллаж байна. Шинэ шугам ашиглалтад орсноор гурван шугамаар усаа шахах болсон. Ингэснээр түрэлтийн эсэргүүцэл буурна. Түрэлтийн эсэргүүцэл буурснаар насосуудын цахилгааны хэрэглээ багасна. Энэ мэтчилэн шугамын шинэчлэлийн үр дүнгээр бий болох хэмнэлт байна. Мөн манай инженер техникийн ажилтнууд цахилгааны гурван тариф ашиглан хэмнэлт гаргаж байна. Тухайлбал шөнө цахилгааны үнэ хямд байх үед олон насос ажиллуулж усан сангаа дүүргэх, цахилгааны үнэ хамгийн өндөр байдаг 17-22 цагийн хооронд аль болохоор цахилгаан бага хэрэглэхийг зорьдог. Энэ мэтчилэн технологийн горимын зохицуулалтаар хэмнэлт гарган ажиллаж байна. Бид үйлдвэрээ гагнуурын хийгээр хангадаг тухай дээр дурдсан. Ацетилены хий үйлдвэрлэх гол түүхий эдийг импортоор авдаг. Сүүлийн жилүүдэд ковид, хил гаалийн асуудалтай холбоотойгоор түүхий эдийн үнэ өмнөхөөсөө гурав дахин нэмэгдсэн. Иймээс бид энэ зардлаа хэрхэн бууруулах талаар анхаарал хандуулах шаардлагатай болсон. Механикийн хэлтэс болон ЗМЗ –ын мэргэжлийн хүмүүстэйгээ хамтраад металлын зүслэгт нефтийн шингэрүүлсэн хий ашиглах туршилт хийсэн. Үүний үр дүнд ацетилены хийн хэрэглээг наад зах нь 25 хувь бууруулахаар төсөл санаачлан ажиллаж байна. Ингэснээр хий үйлдвэрлэлийн зардлын хэмжээ 50 хүртэл хувиар буурах бодлогын шийдвэр гарсан.
-Цэвэрлэх байгууламжийн асуудал их яригддаг. Сүүлд баригдсан Цэвэрлэх байгууламж ашиглалтад ороогүй байна. Хуучин Цэвэрлэх байгууламж нэлээн ачаалалтай ажилладаг гэх юм. Энэ талаар..?
-Нэгэн үе хэрэглэгчдийн усны хэрэглээг тооцох тоолуурын хүрэлцээ хангамж муу байсан. Үүнтэй холбоотойгоор хуучин цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болж өргөтгөл барих шийдвэр гарсан. Энэ шийдвэртэй зэрэгцээд бүх аж ахуйн нэгж, айл өрхийн усны хэрэглээг тоолууржуулсан. Үүний үр дүнд усны хэрэглээ буурсан. Одоогийн байдлаар манай Цэвэрлэх байгууламж Эрдэнэт хотоос гарч буй бохирыг цэвэрлэх хэмжээнд ажиллаж чадаж байна. Эрдэнэтэд шинэ барилга орон сууцны хороолол нэмэгдэж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг дагаад Үйлдвэрлэл, технологийн парк барих том бүтээн байгуулалт явагдаж байна. Энэ бүхнээс шалтгаалан усны хэрэглээ ихэснэ. Бохир усны хэмжээ нэмэгдэнэ. Иймээс Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл зайлшгүй хэрэгтэй. Францын хөрөнгө оруулалт болон улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн объект байгаа. Францын тал энэ өргөтгөлийн байгууламжийн туршилт, тохиргоог хийж Монголын талд хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй. Ковидоос шалтгаалан гадаадаас мэргэжилтнүүд ирэх боломжгүй болсон. Үүнээс үүдэлтэй ашиглалтад орох хугацаа нь хойшилсон. Харин ирэх жил шинэ Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлөө ашиглалтад хүлээн авах хүлээлттэй байна.
-Баярлалаа.
-
5 цаг 9 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
5 цаг 9 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин