Төв аймагт “АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СОЁЛЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” аяны нээлт боллоо
Үйл явдал
/
2022-11-08
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Төв аймгийн түүхэн баримтыг нэгтгэн хадгалж хамгаалах зорилгоор 1957 онд ЗАХИРГААНЫ АРХИВ нэртэйгээр анх байгуулагдсанаар одоогийн Төрийн архивын үндэс суурь тавигдсан түүхтэй.
Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, төрийн албан хаагчдын баримт бичиг зохион бүрдүүлэх, боловсруулах ажлыг сайжруулах, соён гэгээрүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд “Албан хэрэг хөтлөлтийн соёлыг дээшлүүлье” сэдэвт аяны эхлүүлж байна. Уг аяны хүрээнд Монголчуудын бичгийн соёлыг эрхэмлэн дээдэлж байсан уламжлалыг сэргээх, хөгжүүлэх, албан хэрэг хөтлөлтийг баримтжуулан, хадгалж, хамгаалах талаар сурталчлан таниулж, төрийн албан хаагчдын ажил мэргэжлийн болон илтгэлийн уралдааныг анх удаа зохион байгуулах юм.
Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Төрийн архивын тасаг, аймгийн музейн хамтарсан “БАРИМТ ТҮҮХ ӨГҮҮЛЭХ НЬ” сэдэвт үзэсгэлэнг дэлгэлээ.
Энэхүү үзэсгэлэн нь Төв аймгийн архивын нэн үнэт 44000 мянган баримтаас нутгийн захиргааны байгууллагын үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчдын түүхэн гэрэл зураг, Төв аймгийн 40, 50, 60 жилийн ойн баримтат кино, аймгийн иргэдийн оюун ухаанаар бүтээж боловсруулсан баримт бичиг гэх мэт дахин давтагдашгүй 223 баримтыг дэлгэн үзүүлж байгаагаараа ач холбогдолтой юм. Мөн аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Богд хааны тамга, Монгол Улсын Үндсэн хууль батлалцсан Ардын их Хурлын депутатуудын хөрөг зургаас дээжлэн хүргэлээ. Түүнчлэн төр, захиргааны байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг баримтжуулан хууль журмын дагуу хадгалж, хамгаалах нь хойч ирээдүйдээ төрийн албаны залгамж чанарыг өвлүүлэн ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙГ ХОЛБОСОН ТҮҮХЭН ЭХ СУРВАЛЖИЙН ГҮҮР болдгийг үзэсгэлэнгээс харж болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.149.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.