"БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ" 2021 онд 26 хувьтай хэрэгжсэн байна
Үйл явдал
/
2022-11-08
"Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль"-ийн хэрэгжилт, захиран зарцуулалт, орлого, зарлагын нэгдсэн мэдээлэл, холбогдох асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газар, хэлтсийн удирдлагууд, АТГ-тай хамтран 21 аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ.
Хуралдааны эхэнд Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Ц.Сэлэнгэ өнгөрсөн он буюу 2021 оны байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн мэдээллийг хүргэв.
2012 онд батлагдсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар,
Байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түнийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, тайлагнах,
Төлбөрийн орлогоос тухайн төсвийн жилд БОХНСАХ-нд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг тогтоох,
Төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, зөрчилд хариуцлага хүлээлгэх зэрэг харилцааг зохицуулсан байдаг.
2021 оны байдлаар тус хуулийн хэрэгжилт 26 хувьтай буюу хангалтгүй байгааг Авлигатай тэмцэх газраас мэдээлж, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хүрээнд хяналт, шалгалт, түүнд холбогдох асуудлаар БОАЖЯ-тай хамтран ажиллахаар боллоо. Сүүлийн зургаан жилийн дунджаар хуулийн хэрэгжилт 35 хувьтай, жил бүр 16-20 тэрбум төгрөг зориулалт бусаар зарцуулагдаж иржээ.
2016-2021 онд хийсэн хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд,Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын хэрэгжилт улсын хэмжээнд 26 хувиас 44,7 хувьтай байна.
-2016 онд 25.5 тэрбум төгрөгөөс 7.5 тэрбум төгрөгийг
-2017 онд 31 тэрбум төгрөгөөс 13.8 тэрбум төгрөгийг
-2018 онд 25.6 тэрбум төгрөгөөс 9.3 тэрбум төгрөгийг
-2019 онд 28.5 тэрбум төгрөгөөс 12.3 тэрбум төгрөгийг
-2020 онд 34.2 тэрбум төгрөгөөс 13.1 тэрбум төгрөгийг
-2021 онд 46.9 тэрбум төгрөгөөс 12.2 тэрбум төгрөгийг Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд тус тус зарцуулсан байна. Сүүлийн зургаан жилийн байдлаар нийт 123.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар буюу байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд зарцуулжээ.
-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт улсын хэмжээнд хангалтгүй байгаа учир цаашид хуулийн хүрээнд холбогдох хариуцлагын асуудлыг хөндөж, 2022 онд дээрх алдааг давтахгүй, хууль биелүүлж ажиллахыг БОАЖ-ын Б.Бат-Эрдэнэ холбогдох албаныхан болон орон нутгийн удирдлагуудад санууллаа.
Түүнээс гадна 2022 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд олон талт хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.28.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.