Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралд оролцож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв. Хуралд Үндэсний хороо болон Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо. Энэ удаагийн хурлаар өмнөх хурлаас өгсөн үүрэг, даалгавар, шийдвэрийн хэрэгжилтийн явц болоод тус салбарыг сурталчлах маркетингийн төлөвлөгөө, 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан уриа үгийг тодорхойлох, жуулчид хүлээн авахад Монголын авто болон төмөр зам, агаарын тээвэр, боомтуудын бэлэн байдлын боломж, шийдэл зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс Аялал жуулчлалын маркетингийн хөтөлбөрийг танилцуулав. Discovery, National geographic зэрэг сувгаар Монгол орныг сурталчилсан контент бэлтгэж цацах, орчин үеийн маркетингийн арга хэрэгслүүдийг түлхүү ашиглах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Монголд зочлох жилийн уриа, түлхүүр үгийг тодорхойлох танилцуулга хэлэлцүүлэг болж, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын зочид буудлуудын холбоо, “Хүннү эйр” ХХК-ийн удирдлагууд Засгийн газраас аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж буйд талархал илэрхийлээд орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, зам, тээвэр дэд бүтцийг сайжруулах болон НӨАТ-ын зэрэг асуудлаар саналаа хэллээ. Оролцогчдын саналыг сонссоны дараа Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аялал жуулчлал бол зөвхөн нэг яамны асуудал биш. Үндэсний нэгдмэл үнэт зүйлтэй холбоотой салбар хоорондын цогц асуудал. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлаж хөгжих учиртай. Төр, хувийн хэвшил нэгдсэн маркетинг, брэндингтэй байх нь чухал” гэлээ. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 2022 онд багтааж салбарын хуулийг шинэчлэх нь зүйтэй гэлээ. Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтэц, жуулчны компаниудын чанар, стандартыг дээшлүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн хуанлиг энэ сард боловсруулан олон улсад зарлах, бусад бэлтгэл ажлыг хангах хүрээнд холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгч, дараагийн хуралдаанд танилцуулахыг даалгалаа.
-
3 цаг 16 мин
-
7 цаг 16 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
3 цаг 16 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин