Энгийнээс эхэлсэн эгнэшгүй хөдөлмөр
Үйл явдал
/
2022-11-09

Намрын цас хайлмагтсан, нарлаг сайхан өглөө Эрдэнэт үйлдвэрийнхээ Ган бөөрөнцгийн цехийг зорилоо. Үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийг бодвол ажил нь нэг чигийн тодорхой, цомхон бүрэлдэхүүнтэй хэр нь, Баяжуулах үйлдвэрийн технологийн гол түүхий эдийг үйлдвэрлэж, хэрэгцээг бүрэн хангах их үүрэг хүлээдэг энэ хамт олны ажил үйлсийг сурвалжлахдаа бид хэзээд баяртай байдаг. Учир нь тэд Эрдэнэт үйлдвэрийн гэх брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна шинийг сэдэж, үйл ажиллагаагаа үргэлж сайжруулж, хөгжил дэвшил өөд хамтдаа тэмүүлдэг нь олзуурхмаар. Энэ удаа ч бид богц дүүрэн “олз”-той ирсэн.  

Эднийх захиргааны шинэ байрандаа нүүн оржээ. Давчуу өрөөнүүдэд тав тух тааруухан суудаг байсан инженер, техникийн ажилтнууд цэлгэр, саруулхан байранд тухалсан байна. Шинэ өрөөнүүдээ тохижуулаад, сэтгэл санаа сэргэг, урамтай байгаа нь илт. Цехийн дарга А.Отгончулуун биднийг инээмсэглэлээр угтлаа. Хүний нөөц, захиргааны хэлтсээс Уралын уулын их сургуульд бакалавр, магистр зэрэгтэй ажилтнуудаа явуулах тухай албан бичиг ирсэн гээд залуусынхаа өмнөөс тун баяртай байв. Нийт ажилтнуудынх нь 80 гаруй хувийг 40-өөс доош насны залуус эзэлдэг. Тиймээс хүний хөгжлийн асуудал гол бодлогынх нь нэг учир ийн баярлах нь аргагүй биз.  

700

Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд тус цех ажилчдынхаа дунд бүтээлч ажлын аян зарлажээ. Залуусынхаа дотоод хүчийг хэрэгтэй зүйлд зориулах, сэтгэлгээг тэлэх, мэдлэг, ур чадварыг түгээх, бие биеэсээ суралцах боломжийг олгох зорилгоор зохион байгуулж буй энэхүү аяны шилдгүүд “Үлгэр жишээ инженер техникийн ажилтан”, “Манлайлагч ажилтан”, “Шилдэг хамт олон” гэсэн номинациар шинэ оны эхэнд тодрох юм байна. Бүтээлч аяны агуулга, санаа тун сонирхолтой. Энгийн хэр нь бүтээмжтэй ажиллая гэх утгатай. Сүржин уриа, албаны, номын үгээр далайлгаагүй нь ажилчдын сэтгэл зүйд илүү ойр, амархан буусан гэх. Тийм ч учраас ажлын байрны орчин нөхцөл, аюулгүй байдлыг хангасан, хөдөлмөр хөнгөвчилсөн энгийн жижиг сайжруулалтаас эхлээд үйлдвэрлэлийн технологийн дамжлагыг боловсронгуй болгох, бүтээгдэхүүний чанарт ахиц гаргахад чиглэсэн эдийн засгийн үр ашиг өндөр, том төслийн санаа хүртэл энд хэрэгжиж байгааг үзлээ. 

Дэлхийн шилдэг технологийг цехдээ амжилттай нэвтрүүлж, Монгол Улсын металлургийн хөгжилд түлхэц үзүүлж яваа Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийн хамт олон он гарсаар 13500 тонн “шаар” үйлдвэрлэж, Баяжуулах үйлдвэрт нийлүүлжээ. Импортын “шаар”-тай харьцуулахад эдний ган бөөрөнцгийн хувийн зарцуулалт 1.6 хувиар бага байгаа нь Монгол чанар. Ажилчдын энгийнээс эхэлсэн эгнэшгүй хөдөлмөрийн үр дүн. Бид ган бөөрөнцөг үйлдвэрлэгчдийн бүтээлч санал санаачилгаар биеллээ олсон олон ажлаас энгийн, басхүү эдийн засагт өгөөжтэйг нь уншигчдадаа тэнцвэртэй танилцуулахаар зорьсон юм.  

Эхнийх нь энгийн хэр нь энд ажиллаж буй хүн бүрд хамаатай, хэрэгтэй, явган хүний гарц. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны III байрнаас үйлдвэр орох замд хоёр урсгалтай, явган зорчигчийн гүүр хийхээр төлөвлөн ажлаа эхэлжээ. Хэлбэр хийц, хүн халтирч гулгахгүй байх талаас нь ярилцан шийдлээ гаргаж байхтай таарлаа. Тээвэр ложистикийн төвийн агуулахад байгаа гудамжны гэрэлтүүлгүүдийг тохижилтдоо ашиглах боломжтойг нэг нь хэлсэн бол нөгөө нь шөнийн ээлжийн ажилчдын аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс гэрэлтүүлгийг ном журмын дагуу хийх хэрэгтэйг анхааруулсан. Эндээс бид үйлдвэр орлоо. Индукцын зуухнаас улайссан ган бөөрөнцгүүд цувих шугамаар хөврөн чимээтэй бууна. Хүн бүр дор бүрнээ хянамгай, няхуур ажиллаж харагдана. Харин зайдуухан нэг нөхөр оч маналзуулан гагнуур хийх нь сонирхол татав. Бүтээлч ажил биеллээ олох цаг дор бид уулзлаа. Индукцын хэсэгчилсэн зуухнуудыг эмх цэгцэд оруулах, хагас механикжсан, “гүйдэг” тавцан санаачлан хийж буй нь энэ. 

700

Гагнуурчин Г.ГАЛБАДРАХ: 
-Би хоёр жилийн өмнө Ган бөөрөнцгийн цехэд сонгон шалгаруулалтаар ажилд орсон. Манайхан олон бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлж байгаа. Би хэд хэдэн жижиг санаачилга гаргасан. Энэ ажил ач холбогдол хамгийн өндөртэй нь гэж хэлж болно. Манай үйлдвэр зай талбайн багтаамж багатай. Энд 40, 80, 100-гийн голчтой “шаар” үйлдвэрлэдэг гурван төрлийн индукцын 80-аад зуух бий. Засварт орсон, ороогүй нь холилдсон, эмх цэгц муутай байсныг дараалалд оруулан ангилж байна. Түүнээс гадна нэг зуух 100-140 кг жинтэй учраас татаж гаргахад хамгийн багадаа гурван хүн өргөдөг, төвөгтэй байсан. Дугуйтай тавцан хийснээр одоо нэг хүн гараараа зүгээр татаад, кран аваад явчих боломжтой болж байна. Ингэснээр хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмж нэмэгдэнэ, аюулгүй байдал, зай талбайн ашиглалт сайжирна. Материалын хувьд труба, лист төмрүүд ашигласан. Цехийнхээ дотоод нөөц бололцоог ашигласан гэх үү дээ, гэж ярив. Одоогоор энэ ажлын гүйцэтгэл 80 хувьтай явна.  

Эрдэнэт үйлдвэр Ган бөөрөнцгийн цехдээ технологийн шинэчлэл хийж, 2019 оны төгсгөлд ашиглалтад оруулсан. Үндсэндээ индукцын зуух, бэлдэц цувих машин бүхий хос шугамыг хөрөнгө оруулалтаар шийдсэн байдаг. Бусад бүх зүйлийг ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид өөрсдийн санаачилгаар бүтээсэн гэхэд хэтрүүлэг болохгүй. Бүтээгдэхүүнийг чанартай болгохын тулд механик боловсруулалтын дараа илчийн боловсруулалт хийх хэрэгтэй. Тэр нь хөргөлтийн систем, технологийн автомат дамжлагууд, амраах зуух гэсэн үндсэн гурван зүйлээс хамаардгийг технологич инженер М.Дорж тодорхой тунгалаг тайлбарлав. Тэд дотоод нөөц бололцоогоороо технологийн дамжлагуудаа шинэчилсэн. Мөн хатаалтын усаа автоматжуулсан. Илчийн боловсруулалт бол температур, хугацааны графикаас хамаардаг. Иймээс технологийн дамжлагын хурдыг автоматаар тохируулдаг байхаар программчилсан. Одоо бүх горим автомат, аюулгүй. 

700

Дараагийнх нь хөргөлтийн систем. Хатаалтын ванн болон гадаа ёмкостьд байгаа эргэлтийн усны температурыг 40-50 хэмд тогтмол барьж чадвал бүтээгдэхүүний чанар эрс сайжрах байсан учраас технологич инженер М.Дорж хөргөлтийн системийг боловсронгуй болгох санаа гаргасан. Үүнийг тоног төхөөрөмжийн засварчин Д.Сайнбуян маш сайн гүйцэтгэж хэрэгжүүлсэн байдаг. Усны хэмийг тодорхойлох цахилгаан хоёр хаалт тавьж, гадаах усаа уураар халаадаг байхаар шийдсэнээр технологийн стандартаа 100 хувь барьж ажиллах боломж бүрджээ. Гэсэн ч тэд сэтгэл ханасангүй. Монголд үйлдвэрлэсэн ган бөөрөнцгийн жишиг чанар бий болгохоор зорьж, хоёр дахь шатны хөргөлт буюу 22 метрийн урттай хос шугамыг Засвар механикийн заводоор хийлгэсэн. Хөргөлтийн барбанаас “шаар” 130-180 хэмийн халуун гарч ирнэ. Тодорхой хугацааны дараа 120-130 хэмийн халуун болоход нь амраах зууханд оруулж, буцаагаад 200-220 хэм хүртэл халаадаг. Ингэснээр ганг зөөллөж байгаа хэрэг. Хатуулаг өндөр байх нь бүтээгдэхүүний чанарт муугаар нөлөөлнө. Түүнээс гадна амраах зуух руу орж байгаа “шаар”-ын хэм бага байх тусам үр дүн илүү сайн гардаг. Тиймээс 22 метрийн урттай, хоёр конвейераар ган бөөрөнцгүүд дамжих явцдаа сэнснүүдийн тусламжтайгаар 60-80 хэм хүртэл хөрдөг байна. Ингэснээр ган бөөрөнцгийн гадна болон дотор хатуулгийн зөрүү ойртож ”шаар”-ын чанарын үзүүлэлт тав дахин сайжирсан байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ган бөөрөнцгийн хувийн зарцуулалтын бууралт Эрдэнэт үйлдвэрт эдийн засгийн асар их хэмнэлт авчирна гэсэн утга.       

Индукцын технологиор ган бөөрөнцөг үйлдвэрлэнэ гэдэг маш нарийн горим, тохиргоо, ажиллагаа шаардсан нэг ёсны бүтээл урлах үйл явц. Одоо тэд өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан өгөгдөл, мэдээллүүдээ ашиглан технологийн нормын аргачлал гаргахаар зэхэж байгаагаа ярилаа. Мөн орц материалын тоо гаргах, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ нэг бүрчлэн хянахын тулд автомат тоолуур хийхээр төлөвлөжээ. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид  “Өглөөний ХАБ”-аасаа эхлээд үйлдвэрлэлийн эцсийн шат дамжлага хүртэл бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлж, хөгжил дэвшил өөд хамтдаа тэмүүлсээр байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.82.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.