Тэрээр Мэдээллийн технологийн хэлтэс, Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс, Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газар, Стратеги хөгжлийн газрын үйл ажиллагааны танилцуулга, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар сонсож, илтгэл мэдээлэлтэй холбогдуулан санал бодлоо хэлсэн юм. Эрдэнэт үйлдвэрийн Мэдээллийн технологийн хэлтэс нь үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, аюулгүй байдлын хяналт, хөгжлийн чиг хандлага, программ болон техник хангамжийн бодлогыг хариуцан ажилладаг. Үүнээс хамгийн чухал нь өнөө үеийн мэдээллийн аюулгүй байдлын асуудал. Энд гол анхаарлаа хандуулж, ажиллаж буйг хэлтсийн дарга Г.Жаргалсайхан танилцуулгадаа онцоллоо. Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс нь Эрдэнэт үйлдвэрийн анхны бодлогын нэгжүүдийн нэг. Өнөөдрийн байдлаар, тус хэлтсийн үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрийн 1508 барилга байгууламж бүртгэлтэй байдаг. Эдгээрийн тухайн жилд хийх хөрөнгө оруулалт болон урсгал засварын төлөвлөлт, ажлын гүйцэтгэлд тус хэлтэс хяналт тавьж ажиллаж байна. 2022 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын тухайд, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугамын өргөтгөл, Нунтаглан баяжуулах хэсгийн Хам баяжуулалтын 5-р секц, Ус хангамжийн цехийн ус дамжуулах 820 мм-ийн ган хоолой суурилуулах ажлыг амжилттай гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэж өгсөн. Мөн “Уурхайчин” 2, 3-р хорооллын дэд бүтцийн ажлыг энэ онд багтаан дуусгахаар ажиллаж байгааг хэлтсийн дарга Д.Батбаяр мэдээллээ. Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газар, Стратеги хөгжлийн газрын танилцуулгыг тус газрын дарга П.Батболор, П.Энхбат нар хийлээ. Үйлдвэрлэлийн бүхий л асуудлыг зангидаж, нэгтгэж ажилладаг Үйлдвэрлэл-техникийн бодлого, төлөвлөлтийн газраас бүтцийн нэгжийн уялдаа холбоог сайжруулах, үйлдвэрлэлийн төлөвлөлт мониторингийн албыг чадавхжуулах, үйлдвэрлэлтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж, геотехникийн хяналт тогтолцоог бий болгох зэрэг зорилт дэвшүүлж буйг газрын дарга П.Батболор танилцуулсан. Харин Стратеги, хөгжлийн газрынхан Катодын зэсийн үйлдвэр барих, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлурги химийн үйлдвэр, Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр, Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтэц, “100 сая мод” зэрэг шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаа, зорилт бодлогоо чиглүүлж буйг дурдлаа.
Үйлдвэрлэлийн бодлого болон чиглэл хариуцсан газар хэлтсүүд мэдээлэл хийсний дараа Ерөнхий захирал санал дүгнэлт хэлсэн. Тэрээр, үйлдвэрийн бүхий л цех нэгжүүдтэй нэг бүрчлэн биечлэн танилцаж дууссанаа тэмдэглээд, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны олон зүйлд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Уулын үйлдвэрийн үндэс суурь нь хоёр нөөц дээр тогтдог. Эхнийх нь геологийн нөөц, удаах нь хүний нөөц. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүний нөөц бол харьцангуй мэргэшсэн, туршлагажсан, өөлөх зүйлгүй мэргэжилтнүүдээр хангагдсан байна гэдгийг тэрээр онцолсон. Эцэст нь үндсэн үйлдвэрлэлийн бодлого, чиглэлийг хариуцаж буй газар хэлтсүүд хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, зардал бууруулах, хөдөлмөр хөнгөвчилж, аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад гол “тархи” нь болж ажиллах үүрэг даалгавар өглөө.
-
6 цаг 23 мин
-
10 цаг 24 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
6 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин