Өчигдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр " Бид бүхэн 2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхлээд жил, долоон сарын хугацаа өнгөрч байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн алдаа дутагдлыг сайжруулах зорилгоор оношны бүлгийг нэмж байгаа. Оношны бүлгийг задалж буй хүн нь эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ авах бололцоог нэмэгдүүлнэ. 2023 оны эхний улиралд багтаан оношны бүлэгт тодорхой өөрчлөлтийг хийнэ. Манай улсад 4,500 гаруй онош байдаг. Үүнийг бүлэглээд 705 оношинд багтааснаар эрүүл мэндийн байгууллагууд маань санхүүжилтээ авч байна.
Нийслэлийн хэмжээнд 705 оношийг бүгдийг нь авч байгаа эмнэлэг байхгүй. Тиймээс тусламж үйлчилгээ, сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байгаа. Хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалтыг хийдэг. Тухайлбал, улсын нэг эмнэлгийн эмч дөрвөн эмнэлэгт лиценз, материал бүрдүүлж өгч тухайн эмнэлэгт ажиллах зөвшөөрөл авдаг. Нэг сувилагч 17 газарт бүртгэлтэй гэх зэргээр алдаа дутагдлууд байгаа тул сонгон шалгаруулалтын ажлыг үе шаттайгаар хийж байна.
2021 оны төсвийн тодотголоор баталсан 238 тэрбум төгрөгөөс 110 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжид зарцуулсан. Үүний дийлэнх хувь нь орон нутагт хийгдсэн.
Энэ жилээс орон нутагт нарийн мэргэжлийн эмчийн квотыг тавьж, төрийн сангаар сурах бололцоог нэмэгдүүлэх хүрээнд ажиллаж байна.
Үндэсний хэмжээнд орон нутгийн эмч нарт сургалт судалгаа явуулж, туршлага солилцох зорилгоор нийслэлийн мэс заслын, харвалтын багуудыг орон нутаг руу явуулж байгаа.
Сумдын судалгаагаар нийт 220 сумд шүдний кабинет байдаггүй гэж гарсан. Иймд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тодорхой сумуудад шүдний кабинет байгуулсан. Миний бие өөрөө санаачилж баруун болон төвийн бүсүүдэд амны хөндийн эрүүл ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор салбарын зөвлөл болон анагаах ухааны сургууль зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан үйл ажиллагааг үе шаттайгаар явуулж байна.
Энэ жил шүдний эрт илрүүлгийн үзлэг шинжилгээгээр 550 мянган хүн хамрагдсан. 2018 оноос урьдчилан сэргийлэх үзлэг тодорхой үе шаттай хийгдэж байсан. Мөн 2019 онд 150 мянган хүн хамрагдсан байдаг.
Бид бүхэн бүх сумд эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулж чадахгүй. Тиймээс орон нутагт нь шүдний 20 кабинетыг тохижуулж, дэд бүтцийг угсарсны хүчинд эрт илрүүлгийг зохион байгуулсан. 20 гаруй аймагт шүдний кабинет байгуулсан учраас иргэд өөрсдөө хариуцлагатай хандан эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй" гэв.
2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд хамруулж эхэлсэн. Эрт илрүүлэгт одоогийн байдлаар 501,739 хүн хамрагдаад байна.
-
3 цаг 17 мин
-
7 цаг 18 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
3 цаг 17 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин