Дэлхийн тектоник хөдөлгөөний улмаас царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөхөд уян харимхайн долгион тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ.
Газар хөдлөлтийг гарал үүслийн хувьд тектоникийн, галт уулын, нуралтын ба тэсэлгээний гэж ангилан хуваан үздэг. Сүүлийн үед судлаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болсон. Хавтангууд нь үргэлжийн хөдөлгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарал үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэснээр газар хөдлөлтийг үүсгэдэг. Манай орны хувьд 1977-1994 онд газар хөдлөлийн суурь судалгаа, хүчтэй газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, учрах хохирлыг багасгах зорилгоор Оросын холбооны улсын ШУА-ийн Сибирийн салбарын Дэлхийн цардасны хүрээлэнтэй хамтран Монгол орны нутаг дэвсгэрийн хүчтэй газар хөдлөлтийн голомтод сейсмологи, сейсмогеологи, тектоникийн хээрийн судалгааг хийж газар хөдлөлийн ерөнхий мужлалын зураг зохиож зарим томоохон хот суурины төвийн талбайд инженер сейсмологийн иж бүрэн судалгааны өргөн хүрээтэй ажлууд хийсэн байдаг. Дээрх судалгааны хүрээнд “Эрдэнэт хотын газар хөдлөлтийн аюулын бүсчлэл” сэдэвт судалгааны эмхэтгэл гарсан. Энэхүү судалгаанд хотын, үйлдвэрийн бүс, хаягдлын далан, овоолгууд хамрагдсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хаягдлын даланд хийгдсэн судалгааны болон төслийн ажлуудад 8 баллын газар хөдлөлтийг далан тэсвэрлэнэ гэж үздэг. Ойрын жилүүдэд Үйлдвэрийн дүүрэгтэй ойрхон бүртгэгдсэн газар хөдлөлтийг дурдвал:
- 2019 оны 8-р сарын 23-нд Орхон аймгийн Жаргалант сумын нутагт буюу үйлдвэрийн дүүргээс 16 км зайд 3,8 магнитуд,
- 2020 оны 3-р сарын 3-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутагт үйлдвэрийн дүүргээс 40 км зайд 5,0 магнитуд,
- 2021 оны 1-р сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт үйлдвэрийн дүүргээс 360 км зайд 6,7 магнитуд,
- 2022 оны 10 сарын 14-нд Оросын холбооны улсын Эрхүү мужийн нутагт үйлдвэрийн дүүргээс 340 км зайд 5.7 магнитуд зэрэг тектоникийн хүчтэй мэдэгдсэн газар хөдлөлтүүд бүртгэгдсэн.
Геологи, маркшейдерийн хэлтсийн хувьд Хаягдлын аж ахуйн далангийн тогтвортой байдлын мониторингийн ажлыг тогтмол хийж байна. Түүнчлэн газар хөдлөлт хүчтэй мэдэгдсэн тохиолдолд инклинометрийн, пьезометрийн цооногийн усны түвшний, гадаргуугийн репперийн хяналт тавин дүн шинжилгээ хийж байна.
-
3 цаг 24 мин
-
7 цаг 25 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
3 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин