Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт, "Засгийн газрын хэвлэх үйлдвэр"-ийг татан буулгана
Үйл явдал
/
2022-11-10
"Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор", "Засгийн газрын хэвлэх үйлдвэр" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тус тус татан буулгаж, чиг үүргийг нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт шилжүүллээ.
Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний цогцолбор нь төр, засгийн нийтлэг үйлчилгээ болох нийтийн хоолоор үйлчлэх, хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулан ажилладаг бөгөөд Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт гэсэн салбартай.


Засгийн газрын хэвлэх үйлдвэр тусгай зориулалтын болон төр, засгийн шаардлагатай хэвлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 1968 онд байгуулагджээ.
Эдгээр байгууллагыг татан буулгаж, чиг үүрэг, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газарт шилжүүлж, улмаар төр, засгийн нийтлэг үйлчилгээнд хамаарах нийтийн хоол, хэвлэл, амралтын зэрэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлснээр удирдлагын давхардсан зардал буурах, нийтлэг үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоо багасгах зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх, төрийн зарим нийтлэг үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасны дагуу ийм шийдвэр гарч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.